АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Доналд Трамп мягмар гарагт Бүгд найрамдах намаас гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том алхам хийж, Нью-Хэмпширийн анхан шатны сонгуульд өөрийн намын өрсөлдөгч, Өмнөд Каролина мужийн захирагч асан Никки Хейлиг яллаа.
Хейли Бүгд найрамдах намын өрсөлдөөнд үлдэхээ амлаж, одоо хоёрдугаар сарын 24-нд төрөлх Өмнөд Каролина мужид болох анхан шатны сонгуульд анхаарлаа хандуулна гэж мэдэгдэв. Хейли өөрийгөө өрсөлдөх чадвартай гэдгээ нотлохыг хичээж буй.
Флорида муж улсын захирагч Рон ДеСантис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанаас нэрээ татсанаар намын дотоод сунгаанд Доналд Трамп, Никки Хейли нар тунаж үлдсэн. Никки Хейли Нью Хэмпшир мужийн дотоод сунгаанд ялах эсвэл Трамптай ойр санал авахгүй л бол цаашид компанит ажлаа үргэлжлүүлэхэд хэцүү болно гэж ажиглагчид үзсэн юм.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь нэр дэвшигчдийн аль алинд нь дургүй сонгогчдын том бүлэг байна, энэ бүлэг сонгогчдод арай нааштай санагдсан тэр хүн л сонгуулийн ялагч болно гэж тэр үзэж байгаа юм байна.
Л.Сайнаа