АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн компанит ажлаа зогсоосон билээ. Ингэснээр Бүгд найрамдахчуудын хувьд АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан Никки Хейлитэй тунаж үлдэв. Трампын үед Өмнөд Каролина мужийн амбан захирагч байсан, НҮБ-ын Элчин сайд асан Никки Хейли бол Энэтхэг цагаачдын охин. Гэвч түүний Бүгд найрамдахчуудаас авсан үнэлгээ Д.Трампыг гүйцэхгүй.
ДеСантисын Нью-Хэмпшир, Өмнөд Каролина мужуудад үзүүлэх нөлөөлөл их. Тийм ч учраас Трамп, Хейли хоёрын хоорондох тэнцвэрийг дорвитой өөрчлөхгүй. Өөрөөр хэлбэл тэр нэрээ татлаа ч сонгуулийн үр дүн нэг талруугаа хазайхгүй гэсэн үг.
ДеСантисын замаасаа буцсан шийдвэрийн бодит нөлөөлөл нь сүүлийн хэдэн долоо хоногт харгис, хэрцгийгээрээ цоллуулж буй Трампын гол өрсөлдөгч АН-ын хувьд тун таагүй мэдээ. Үнэн хэрэгтээ Д.Трампын гол өрсөлдөгч бол Бүгд найрамдах намын дэмжигчдийн саналыг хуваах Хейли биш. Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байден билээ.
Жо Байдений тэргүүлж буй Ардчилсан намаас энэ сонгуульд зохиолч Марианна Уильямсон, Миннесота мужийн төлөөлөгч Дин Филлипс нар мөн нэр дэвшиж буй. Гэвч хамгийн өндөр саналтай байгаа нь Жо Байден хэвээр. Нөгөө хоёр нэр дэвшигч нь түүний мөрийн хөтөлбөрийг конгресст дэмжсэн ч нас нь хэтэрхий өндөр тул өөр хүн нэр дэших ёстой гэж үздэг.
Хэрвээ Хейли Нью Хэмпширт болох намын дотоод сунгаанд ялахгүй бол түүнийг Трампад буулт хийхийг шаардаж буй Бүгд найрамдахчуудын дуу хоолой намжих нь мэдээж. ДеСантис, Хейли нарын хувьд тохиролцоо байсан гэх онол ч бий. Учир нь нөгөө нь талбайг орхиж, Трамптай хоёрдмол утгагүй ганцаарчилсан тулаан өрнүүлэх нь ашиг тусаа өгнө гэж итгэсэн биз. Ямартай ч 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч нь 45 дахь ерөнхийлөгч Д.Трамп байх нь гарцаагүй болжээ.
Л.Сайнаа