БАРИМТ 1
2016 оны сонгуулиар Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг авч байв. Тухайн үед Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байлаа.
БАРИМТ 2
Гэвч түүний зам дардан байсангүй. Дуулиан шуугиантай улс төрийн он жилүүд хөвөрч, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амь насны хэрэгт холбох оролдлого Н.Номтойбаярыг чиглэж байсан нь 13 секундын бичлэг нэртэй. Хамгийн гол нь сайдын эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
БАРИМТ 3
Тухайн үед УИХ-аар Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, гуравхан гишүүний саналын зөрүүтэйгээр дэмжигдсэн байдаг. Ийнхүү тэр бүрэн эрхгүй ч УИХ-ын гишүүн хэвээр байсан гэж өөрөө тайлбарладаг. Гэхдээ тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, нэг мөр эрх мэдлийн титмээ тайлж байлаа. Ингэж тэр У.Хүрэлсүхтэй зам салсан гэгдэнэ.
БАРИМТ 4
2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж, Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвших болзол хангасныг мэдэгдсэн. Бие даагчдын цуглуулах ёстой гарын үсгийг давуулан биелүүлж, нийтдээ 31,041 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байдаг. Гэвч гарын үсгийн үнэ цэн үгүй болж, тэр жилийн сонгуулиас нэрээ татахад хүрсэн. Тэгэхэд гадаадын их сургуульд мэргэжил дээшлүүлнэ гэж байлаа.
БАРИМТ 5
Дорнод гэх итгэлтэй тойргоо сольсон нь учиртай. Н.Номтойбаярын Хан-Уул дүүргээс нэр дэвшсэн шалтгаан юу байв гэсэн асуулт урган гарч ирнэ. Тэр Ц.Нямдоржийн өрсөлдөгч байх замыг сонгосон. Өөрөө ч тэгж ярьсан нь бий.
БАРИМТ 6
Нямтайширын Номтойбаярыг яллав. Тодруулбал эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ түүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргасан бодлогын шийдвэрээр нь ялласан. Гэхдээ Н.Номтойбаяр 2021 нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд хандсан. Өгсөн тайлбар, нотлох баримтыг үндэслэж Улсын дээд шүүхээс хохирол, холбогдогч байхгүй ч түүнийг “хайнга” хандсан гэх үндэслэлээр 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлсэн. Мөн 2 жил нийтийн албан тушаалд томилогдох эрхгүй болж байв.
БАРИМТ 7
Н.Номтойбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд суллагдсан. Суллагдсаныхаа дараа тэрбээр өөрийн хоббид хөтлөгдөн авто замын тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлсэн юм. Улмаар хойд хөрш ОХУ-д бартаат замын тэмцээнд амжилттай оролцож, Н.Номтойбаяраар ахлуулсан “Team Mongolia” баг тавдугаар байрт шалгарсан юм.
БАРИМТ 8
Тэрбээр "Шударга бусын хонгилоор би дунд нь хүртэл алхсан" гэж ярьсан байдаг. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан түүнээс 1 сая ам.доллар нэхсэн гэдэг.
БАРИМТ 9
Тэрбээр МАН-ын удирдах зөвлөлд хэзээ ч байж үзээгүй. Тэр бол НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөс парламентын дэд сайдын албан тушаалд очсон нэгэн. Гэхдээ үүнийг 2008 онд МАН-ын байр шатахад МАК-аас тэрбум төгрөг хандивласантай холбох нь ч бий. Гэвч энэ асуудлыг Номтойбаяр эрс үгүйсгэдэг.
БАРИМТ 10
Ардчилсан нийгмийн төрийн тогтолцоо бол парламент гэж тэр хэлсэн. Парламентын нэр хүндийг хамгаалж үлдэхийн тулд ЖДҮ-чдийг шалгах түр хороо байгуулах санаачлагыг гаргасан боловч УИХ-аар тогтоол нь унаж, тус ажлыг хийж чадаагүй юм. Түүнд парламентын нэр хүндийг хамгаалах чин хүсэл байсан гэх.
БАРИМТ 11
Түүнийг зарчимтай, харизматай улстөрч хэмээн үнэлэх хэсэг бий. Хэлсэн үгийнхээ араас хэзээ ч харамсаж байгаагүй гэж бардам хэлж байсан нэгэн.
БАРИМТ 12
Одоогоос дөрвөн жилийн өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлгийн үеэр тэрбээр "Амьдралдаа хэзээ ч хадгаламжтай байж үзээгүй" гэж ярьж байв.
БАРИМТ 13
2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАК бол "Цагаан суварга" тэргүүтэй 36 лиценз эзэмшдэг гэж хэлж байлаа. Буцааж авна ч гэж байв. Тухайн үед монголын баялагийг хувааж авсан 30 гэр бүлийн нэгт Номтын гэр бүлийг цохон чуулганы индэрээс зарлаж байлаа. Үүний хариуд Н.Номтойбаяр "Улстөрчид эдийн засгийн ачааг үүрдэггүй. Бизнес эрхлэгч, ААН-үүд л үүрдэг. Хууль ёсны дагуу л шийд" гэсэн байр суурьтай байсан.
БАРИМТ 14
Тагнуулын газрын тухайд ороход босго өндөр, гарахад хаалга хаалттай гэж ярьдаг. Тэрбээр тагнуулын цолтой, бэлтгэл офицер гэх. Тухайн үед түүнийг тагнуулд ойр байгаагаараа зарим мэдээллийг шуурхай, хаалтгүй олдог гэх нь байлаа. Гэвч үүнийг эрс үгүйсгэсээр ирсэн.
БАРИМТ 15
Н.Номтойбаярыг улс төрийн үзэл баримтлал, харизмыг үгүйлж байгаа иргэд бий. Түүнийг монголын улстөрд эргэн ирэхийг дэмжих хэсэг ч буй. Тэгвэл энэ сарын 19-нд Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар Их эвсэл байгуулахаар болсон гэх мэдээлэл цацагдсан юм.
БАРИМТ 16
Н.Номтойбаярын тэргүүлж буй гэгдээд буй "Монголын ногоон нам" бол байгуулагдсан он цагийн хувьд МАН болон АН-ын араас жагсах замналтай. Хэрэв МҮАН, МНН эвсвэл хүчирхэг өрсөлдөгч гарч ирэх талтай гэх таамаг байна.
БАРИМТ 17
Монгол Улсын хүний эрхийн комисс болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг "улс төрийн хоригдол" гэж тайландаа тусгасан байдаг. Түүний аав Нямтайшир ч хүүгээ хэлмэгдсэн гэдгийг шударгаар хэлсээр ирсэн нэгэн.
БАРИМТ 18
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ХНХ-ын сайд байхдаа "улны айл" гэх нэр томьёо гаргаж ирж, олныг эгдүүцүүлсэн. Үүний хариуд ХНХ-ын сайд асан хүний хувьд Н.Номтойбаяр өөрийн хуудсаар дамжуулан, "ХНХ-ын дэд сайд, сайд байхдаа улны айл гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа. Нийгэм үргэлж ингэж нулимуулаад байхгүй дээ" гэсэн байр суурийг илэрхийлж байв.
БАРИМТ 19
Улстөрчийн хувьд боловсрол мэдлэгээрээ тэргүүн эгнээнд жагсах нэгнийг нийгэм хүлээж буй. Тэгвэл Н.Номтойбаярын боловсролын тухайд товч дурдъя. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэй.
БАРИМТ 20
Тэрбээр 2012-2016, 2016-2020 онуудад Монгол Улсын Их Хуралд сонгогдог ажилласан. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашсан юм. Түүнийг улс төрд эргэн ирлээ гэвэл гайхах хүн үгүй. Харин түүнд эргэн ирэх туйлын зарчим хийгээд зориг байгаа болов уу гэдэг л шуумаас илүү шуум юм.
БАРИМТ 21
Хэрэгт холбогдсон эсвэл холбуулсан Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлж, хассан. Ард түмэн хоёр том намын хажуугаар орж ирэх улстөрийн хүчтэй давалгааг санагалзан буй ч М.Энхсайхантай гар барих нь зөв шийдэл эсэхэд нэг талаараа эргэлзэж буй хэсэг байна.
БАРИМТ 22
Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг, үнэнээр бас худлаар. 2023 оны эхээр яригдаж эхэлсэн Номтойбаярын улстөрийн эргээ "Би Оксфордын их сургуульд сурч байгаа. Одоохондоо юун улс төр" гэж ХМХ-д өгсөн мэдээллээр нь үгүйсгэгдэнэ. Гэхдээ л цаг хугацаа бүхнийг харуулна.
БАРИМТ 23
Тэрбээр “Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэж байлаа. Одоо харуулах цаг нь ирсэн үү?
БАРИМТ 24
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн салфетка дээр зурж түүнд бэлэглэсэн салаа зам, амьдрал дээр нийлэхгүй нь тодорхой. Нийлэхээсээ ч өнгөрсөн байлгүй яах вэ. Зарчимч гэх дүр Номтойбаярынх мөн л бол тэр өөр хүчээр, улс төрийн хаалгаар шуурга шиг л орж ирэх биз ээ.
Сэтгэгдэл (64)