ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удахгүй Ким Чен Унтай уулзахаар төлөвлөж байна гэж Умард Солонгосын төрийн хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ. Энэ нь Украинд дайн ширүүсч, Зүүн Азид цэргийн хурцадмал байдал газар авч байгаа энэ үед авторитар дэглэмтэй хоёр удирдагчийн хамтын ажиллагаа нэмэгдэж байгааг бататгах шинж тэмдэг боллоо.
Путин Пхеньянд айлчлахыг урьсанд нь Кимд талархаж байгаагаа илэрхийлж, нэн даруй тийшээ очихоо амласан гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путины Хойд Солонгост хийх айлчлалын товыг дипломат шугамаар хэлэлцэж байгаа бөгөөд дараа нь зарлана гэж Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагт дурдав.
Өнгөрсөн мягмар гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй Москвад Путин, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзаж, Солонгосын хойг, Зүүн хойд Ази, олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар ярилцсан.
Энэ уулзалтаар талууд "хоёр орны язгуур эрх ашгийг хамгаалах стратеги, тактикийн хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх хүчтэй хүсэл зоригийг илэрхийлэв" гэж KCNA мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын удирдагч хуягт галт тэргээрээ Оросын алс дорнод бүс нутаг руу явж, сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг үйлдвэр болон пуужин хөөргөх байгууламжтай танилцсан.
Л.Сайнаа