Жейми Даймон 2023 онд үндсэн цалин болох 1.5 сая ам.доллароос гадна гүйцэтгэлд суурилсан урамшуулал болгон 34.5 сая ам.доллар авчээ.
2023 онд АНУ-ын банк санхүүгийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр ашиг олсон “JPMorgan Chase” Гүйцэтгэх захирлынхаа цалинг жилийн 36 сая ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл Жейми Даймонд үндсэн цалин болох 1.5 сая ам.доллароос гадна гүйцэтгэлд суурилсан урамшуулал болгож 34.5 сая ам.доллар олгосныг өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа дурджээ. Энэ нь 2022 онтой харьцуулбал Жейми Даймоны жилийн цалин 4.3 хувиар өссөн гэсэн үг аж.
“JPMorgan Chase” өнгөрсөн онд 49.6 тэрбум ам.долларын ашигтай ажиллахад АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлт, мөн уналтад орсон “First Republic” банкийг Засгийн газрын зуучилсан дуудлага худалдаагаар худалдан авсан нь нөлөөлжээ.
Түүнчлэн жилийн турш хувьцааны ханш нь 27 хувиар өссөн нь бүх томоохон өрсөлдөгчөө давсан үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: Bloomberg Тv Mongolia