CNN агентлагийн веб сайтад "Монголын цас мөсний шинэ наадам Геннисийн амжилт тогтоолоо" гэх нийтлэл оржээ. Тэгвэл бид та бүхэнд уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Үзэсгэлэнт уудам газар, ногоон хөндий, нүүдэлчдийн уламжлалт соёлоороо алдартай Монгол улс эрт дээр үеэс зуны улиралд зочлоход хамгийн тохиромжтой газрын нэгд тооцогддог. Гэвч тэд гадаадын аялагчдыг жинхэнэ монгол өвлийн улиралтай танилцуулах зорилгоор шинэ арга хэмжээ зохион байгууллаа.
Нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн "Мазаалай" олон улсын цас мөсний наадам нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотоос холгүй байдаг "Скай Ресорт"-д үргэлжилж байна.
"Энэхүү үнэ төлбөргүй арга хэмжээ нь Монголын өвлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх томоохон үйл явдал боллоо. Хоёр долоо хоногийн хугацаанд хүрэлцэн ирэх зочдод манай өвлийн байгаль, үзэсгэлэнд тавигдсан гар урлалууд таалагдаж, дэлхийн олон улсаас хүмүүс өвлийн улиралд Монголыг зорих урам зориг авна гэж найдаж байна ” гэж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
Нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч энэ арга хэмжээ аль хэдийн Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. Нээлтийн арга хэмжээний хүрээнд 408 оролцогч 16.4 метр урт мөсөн гулгуураар ээлж дараалан бууж, гэрчлэх баримтууд гэрэл зургийн хамтаар Гиннесийн албанд хүргэгджээ.
Наадмын бусад үзмэрүүд нь тус улсын дархан цаазат мазаалай ба түүний бамбаруушны таван метр өндөртэй цас мөсөн баримал байв. Арга хэмжээний нэрнээс эхлээд тэд нэн ховордсон уг амьтныг сурталчлах зорилготой юм. Тус наадамд байгальд үлдсэн 52 мазаалай баавгайг төлөөлөн 52 ширхэг мөсөн мазаалай хөшөө босгосон байна.
Мөн мөсөн гулгуурын том талбай бүхий 56,4 метр урт цас мөсөн баримал бий. Нэгдүгээр сарын 17-ны өдөр тус наадамд Хятад, Тайланд, Франц, Орос, АНУ, Монгол зэрэг зургаан орны 24 уран бүтээлч оролцсон Мазаалай мөсний олон улсын тэмцээн болов.
Л.Сайнаа