Мягмар гарагт хөрш зэргэлдээх Ираны цохилтын улмаас хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүүхэд шархадсан гэж Пакистаны тал мэдэгдэв. Иран Пакистанд байх "Жайш аль-Адл" зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хоёр баазыг онилсон гэж албаныхан үзжээ. Гэвч Пакистан үүнийг няцааж, "ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хууль бус үйлдэл" гэж мэдэгдэв. Пакистан бол Ираны халдлагад өртсөн Ирак, Сирийн дараа орох гурав дахь орон юм.
Иран Пакистан руу пуужингаар довтолсон нь урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал. Мягмар гаргийн халдлага хоёр улстай хиллэдэг баруун өмнөд хэсэгт орших Белужистан мужийн нэгэн тосгонд болсон байна.
Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ "Иран өөрийн агаарын орон зайг үндэслэлгүйгээр зөрчсөн"-ийг хатуу зэмлэн буруушаав. Энэ үйл явдлыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн нэмж дурдав.
Түүнчлэн халдлага үйлдэж, Пакистан улсын тусгаар тогтнолд ноцтой халдсаныхаа хариуцлагыг Ираны тал хүлээх ёстой хэмээн үзэж байна. Иран даваа гарагийн орой Иракийн хойд хэсгийн Эрбил хотын бай руу баллистик пуужингаар цохилт өгсөн нь АНУ-ын зүгээс буруушаалаа.
2023 оны 10 дугаар сарын 07-нд Израиль болон Ираны дэмжлэгтэй Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд Газын зурваст дайн эхэлснээс хойш Ойрхи Дорнод даяар хурцадмал байдал үүсээд буй.
Л.Сайнаа