ЭШЛЭЛ 1
Нүүрсний гэх хэргийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.
ЭШЛЭЛ 2
Тавантолгой ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий зарим этгээд ИТХ-йн төлөөлөгч төлөөлөн удирдах зөвлөлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдийн компанитай их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан байна.
ЭШЛЭЛ 3
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орлого, ашгаасаа төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Энэ нь компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн аж. Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйгээс нүүрсний III, IV давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлосон нь хууль зөрчсөн.
ЭШЛЭЛ 4
Мөн 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй нь тогтоогдсон байна. Үүний дотор 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй байжээ.
ЭШЛЭЛ 5
Засгийн газраас 2010 онд хувьцааны үнэлгээг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран тогтоох үүрэг өгсөн боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна гэж Хянан шалгах түр хороо дүгнэжээ.
ЭШЛЭЛ 6
Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын статистикийн нэгдсэн мэдээллийн платформ дахь мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ.
ЭШЛЭЛ 7
Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөд байдал тогтоогджээ.
ЭШЛЭЛ 8
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кемпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгон дараа нь нөхөн төлүүлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 475.3 га газар олгосон, хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлсэн аж.
ЭШЛЭЛ 9
Өмнөговь аймгийн ИТХ-ын зүгээс компанийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд тавих хяналт хангалтгүй. Төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй. Эрх бүхий хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналт үр нөлөөгүйгээс худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй байна.
ЭШЛЭЛ 10
Архивын сан хөмрөгийн бүрдэл, бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, бүрэн хадгалагдаагүй. Баримт материалаа хүлээлцээгүй, устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байжээ.
Сэтгэгдэл (9)