Данийн хаан Фредерик X ээж Хатан хаан II Маргретийнхээ оронд хаан ширээнд заларсан нь тус улсын шинэ эрин эхлэж байгаагийн илрэл боллоо гэж олон улс үзэж байна. Тэрбээр энэ өдөр улсынхаа хаан ширээг өвлөж, сэтгэл хөдлөл өндөр байгаа нь харагдаж байлаа.
Данийн олон иргэдийн хувьд түүний ээж Маргрете бол тэдний мэддэг байсан цорын ганц хаан байв. Гэвч тэрбээр хаан ширээнд тав гаруй жил суусны дараа гэнэт огцрохоор болсон нь түүний хүү, угсаа залгамжлах хунтайж асан Фредерикийг залгамжлах замыг зассан юм. Нийслэл Копенгаген дахь Кристиансборг ордонд болсон засгийн газрын хуралдаан дээр Маргрете хаан ширээнээсээ огцорсон тухай мэдэгдэлд гарын үсэг зурж, титэмээ Фредерикт албан ёсоор шилжүүлэн өгөв.
Хүйтэн цаг агаарыг үл харгалзан Копенгагены гудамжинд олон хүн цугларч, түүхэн мөчийг хамтдаа гэрчилж, дуу хууртай найрлав.
Дараа нь Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен 1849 оны үндсэн хуулиас хойш мөрдөгдөж ирсэн уламжлал болсон ордны тагтан дээрээс хаан ширээнд суусныг олон нийтэд зарлав. Фредерик уг мэдэгдлийн дараагаар богино үг хэлж, Австралид төрсөн эхнэр Хатан хаан Мэри болон тэдний дөрвөн хүүхэд, тэр дундаа хаан ширээг залгамжлах угсаа залгамжлагч хунтайж Кристиан нартай хамт олны зүг гар даллан мэндлэв.
Тэрбээр “Өнөөдөр хаан ширээг шилжүүлж байна. Миний итгэл найдвар бол маргаашийн нэгдмэл хаант улс юм. Миний ээж Данийн агуу хатан хаан байсан" гэж Фредерик хэлжээ.
Л.Сайнаа