Бямба гарагт Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын (АН) дэд ерөнхийлөгч, 64 настай Лай Чинг-Те тэрбээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Тайванийн дараагийн ерөнхийлөгч боллоо. Түүний ялалт Тайванийн авторитар хөрш Хятадаас ирж буй заналхийллийг үл тоомсорлох дуу хоолой болов.
Лай ялалт байгуулсныхаа дараа дэмжигчидтэй уулзах үеэрээ "Тайваний ард түмэн ардчиллын төлөөх тууштай байдлыг дэлхий нийтэд харууллаа. Хятад улс үүнийг ойлгоно гэж найдаж байна" гэж хэлжээ. Тайванийн бүрэн эрхийг хамгаалахын төлөө Бээжингийн уур хилэнг удаан хүлээсэн Лай ерөнхийлөгчийн хувьд "Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах чухал үүрэг хариуцлага надад бий" гэж мэдэгдээд, Хятадтай нэр төр, тэгш байдлын зарчмын дагуу яриа хэлэлцээ хийхээ амлав. "Үүний зэрэгцээ бид Тайванийг Хятадаас ирж буй заналхийлэл, айлган сүрдүүлгээс улсаа хамгаалахаар шийдсэн" гэж нэмж дурдав.
Ши Жиньпин Хятадын нэгэн үеийн хамгийн ганхашгүй удирдагчийн хувьд Тайваньд дипломат, эдийн засаг, цэргийн дарамт шахалт үзүүлж, шаардлагатай бол хүчээр булаан авах байр сууринд буй. Тайваний хоолой дахь хурцадмал байдал 1996 онд Хятад улс арлын анхны чөлөөт ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдыг айлгах зорилгоор Тайваний эрэг орчмын ус руу пуужин харваснаас хойш өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан хэвээр буй юм.
Өдгөө 64 настай тэрбээр арлын өөрөө удирдах ёсны статусыг тууштай хамгаалдаг бөгөөд Хятадын төрийн мэдлийн "Global Times" сонин түүнийг Бээжингийн салан тусгаарлах тухай хуулийн дагуу яллахыг хүртэл уриалж байв. Нэг ёсондоо тэр Бээжингийн гол дайснуудын нэг.
2017-2019 онд Ерөнхийлөгч Цайг Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Лай өөрийгөө "Тайваний тусгаар тогтнолын төлөөх прагматик зүтгэлтэн" гэж тодорхойлсон. Лайг хоёр настай байхад аав нь ослоор нас баржээ. Ээжийгээ зургаан хүүхэд ганцаараа өсгөж байгааг хараад тэр ажлын ёс суртахуунтай болсон гэдэг. Тэрбээр Харвардад эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1990-ээд оны дундуур Тайваньд төрийн албанд орохоосоо өмнө бөөрний эмчээр ажиллаж байжээ. Тэр эхлээд өмнөд хэсгийн Тайнан хотыг төлөөлөн хууль тогтоогчоор ажиллаж байсан. Дараа нь 2010 онд хотын даргаар сонгогдож, 2014 онд урьд өмнө үзэгдээгүй 73 хувийн санал авч энэ албан тушаалдаа үлджээ.
Лай ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Тайвань Хятадтай "нөхөрлөнө" гэж найдаж байна гэж удаа дараа хэлсэн. "Бид дайсан байхыг хүсэхгүй байна. Бид найзууд байж болно. Мөн бид Хятадыг... бидэнтэй адил ардчилал, эрх чөлөөг эдлэхийг харна" гэж тэр наймдугаар сард "Bloomberg"-т ярьжээ. Бээжин ч хариуд нь Лайг "тэмцэл үүсгэгч" гэж нэрлэжээ.
Л.Сайнаа