Антарктидын өмнөд хэсэгт урьд хожид тохиолдож байгаагүй гоц халдварт шувууны ханиадны дэгдэлт хөхтөн амьтдад тархлаа гэж Британийн албаныхан пүрэв гарагт мэдэгдээд уг өвчин бүс нутгийн эмзэг экосистемд ихээхэн аюул учруулж байна гэж мэргэжилтнүүд анхааруулав.
Энэ нь 10 дугаар сард Британийн Антарктидын судалгааны төвийн (BAS) Өмнөд Атлантын далай дахь Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиа мужийн Шувуу арал дээрх бор скуда бүс нутагт шувууны томуугийн өндөр эмгэг төрүүлэгч анхны тохиолдол бүртгэгдсэнээс үүдэлтэй мэдэгдэл юм.
Нэгдсэн Вант Улсын Амьтан, ургамлын эрүүл мэндийн агентлаг (APHA) пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд энэ өвчин Өмнөд Америкийн булангаас зүүн тийш, Антарктидын гол хуурай газарт суурьшсан Өмнөд Жоржиа мужид заан, үслэг далайн хаваас илэрсэн гэв.
Шувууны ханиад нь усны зэрлэг шувуудын дунд байгалийн жамаар үүсдэг гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлэв. Өвчилсөн шувуудаас ялгарсан шүлс, ялгадас зэргээс вирусыг бусад амьтдад дамжуулдаг гэнэ.
Британийн Антарктидын судалгааны төвийн 10 дугаар сард хийсэн мэдэгдэлдээ вирус нь Өмнөд Америкаас шувуудын нүүдлээр дамжин Өмнөд Жоржиа мужид нэвтэрсэн байх магадлалтайг харуулсан дүн шинжилгээ хийсэн байна. Арванхоёрдугаар сард APHA болон BAS-ийн мэргэжилтнүүд гурван долоо хоногийн турш нөлөөлөлд өртсөн арлуудын үхсэн хөхтөн амьтад, шувуудаас дээж цуглуулсан байдаг.
Л.Сайнаа