Буриад ардын “Хадын оройгоор” дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар “Тамгагүй төр” жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан. Дууны эл хувилбар нь нэг талаар шүүмжлэлд өртөөд буй. Энэ талаар дуучин А.Хишигдалай дараах байр суурийг илэрхийлэв.
"Түүхийг нь судлаагүй биш судалсан. Хадын оройгоор дуу бол зохиогчтой. Зохиосон хүн нь Дорнодын Буриад хүн байсан гэдэг. 1905 онд энэ дууг зохиосон байдаг гэх судалгаануудыг уншсан. 1937 онд их хэлмэгдүүлэлтээс хойш Буриадуудын дунд илүү дуулагдах болсон байна.
Уйтгар гуниг, зовлон шингэсэн түүхтэй дууг нь хазгай буруу, өөртөө гоё гэж бодсон даашинзаа өмсөөд дуулсан нь миний түмэн буруу. Аялахаасаа ч цээрлэдэг дуу гэж бичсэн хүмүүс их байсан.
Уулзахын ерөөл тавьж зохиосон дуу гэж утгыг нь ойлгосон. Гэхдээ аялахад цээрлэдэг дуу гэж бодохгүй байна, олон нэвтрүүлгээр дуулсан байдаг юм билээ. Би бол тэвчихээ тэвчиж амьдарч байгаа хүний хувьд өөрийгөө өмөөрөх шалтаг байхгүй.
Гэхдээ чамайг дуулсанаас хойш энэ дууг мэдэж авлаа гэсэн хүмүүс байсан.
Гэхдээ энэ цагаас хойш олон ястны өв соёлыг тээсэн дууг дахин дуулахгүй гэдэг амлалтыг өөртөө өгсөн. Мөн уран бүтээлдээ маш сайн судалгаатай хандах болно. Би өөрийнхөө алдааг олж харсан. Дуугаар биш, бүхэл бүтэн түүхээр оролдчихсон юм билээ. Аливаа зүйлийг дутуу судалбал аюултай юм байна.
Би энэ дууны хоолойг бичүүлэхийн тулд 3 цаг болсон. Дуулах тусам ховсдох шиг болдог сайхан дуу. Дуулалт, хувцаслалт ч муу байсан. Үүндээ уучлал хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (30)