Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Свен-Горан Эрикссон өөрийгөө эдгэршгүй хорт хавдартай гэдгээ олон нийтэд илчиллээ. Өдгөө 75 настай тэрбээр пүрэв гарагт Шведийн "P1" радиод ийн ярьжээ. CNN өмнө нь Эриксоны ойрын эх сурвалжаас түүнийг нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн тухай мэдээлсэн байдаг.
“Намайг муу өвчин ороосон гэдгийг та нар ойлгож байгаа бай. Үүнийг та нар хорь хавдар гэдгийг мэдэж байгаа. Тийм ээ, энэ бол хорт хавдар. Гэхдээ би үүнтэй аль болох удаан тэмцэх хэрэгтэй. Хамгийн удаандаа л би нэг жил амьдарна. Муугаар эргэвэл үүнээс бага амьдрах болно" гэж Швед эр "Ройтерс" агентлагт хэлжээ. Тэр анхлан цус харвалтын хөнгөн шинж тэмдэгтэй эмнэлэгт ирсэн боловч эцэстээ хагалгаа хийлгэх боломжгүй хорт хавдартай гэдгээ мэдэж авчээ.
Тэрбээр Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн цагаасаа алдартай болсон нэгэн. Эрикссон Английн “Алтан үеийнхэн” гэгддэг баг тамирчдыг дасгалжуулж, Дэвид Бекхэм, Уэйн Рүүни, Стивен Жеррард, Фрэнк Лэмпард, Рио Фердинанд зэрэг од тоглогчидтой хоёр дэлхийн аварга, Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ.
Шведийн иргэн тэрбээр Английн шигшээ багийг удирдсан анхны гадаад дасгалжуулагч юм. Английн шигшээ багийн ахлагч асан Рүүни өнгөрсөн пүрэв гарагт түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Өнөө өглөө Свен Горан-Эрикссон болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой гунигтай мэдээ дуллаа. Тэр бол гайхалтай дасгалжуулагч, онцгой хүн. Хүн болгон түүнд хайртай, хүндэлдэг. Бид бүгд чамтай хамт байна Свен, тулалдаач” хэмээжээ.
Эриксон 2003 онд 17 настай Эвертоны довтлогч байхад нь Рүүниг Австралийн эсрэг анхны олон улсын тоглолтод нь оролцуулж байсан юм. Эрикссон мөн Италийн Лацио, Английн Манчестер Сити багийг удирдаж байсан бөгөөд 40 гаруй жил үргэлжилсэн менежерийн карьерынхаа туршид Хятад, Мексик, Филиппинд багагүй хугацаанд дасгалжуулагчаар ажилласан. Манчестер Сити хуучин дасгалжуулагчдаа сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)