Эквадор улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхийллийн хар өдрүүд үргэлжилж байгаа тул цэргүүд тус улсын хэд хэдэн хотын гудамжийг хараа хяналтдаа авчээ. Мягмар гарагт Гуаякил хотод шууд нэвтрүүлгийн үеэр маск зүүсэн зэвсэгт этгээдүүд төрийн мэдлийн олон нийтийн телевизийн студид дайран орж, Эквадор даяар айдаст автуулсан.
Мөн хотын хорих ангийн 130 гаруй ажилтан хоригдлууддаа барьцаалагдсан байна. Даваа гарагт шоронгийн өрөөнөөс нэрт хар тамхины наймаачин Фито сураггүй алга болсны дараагаар 60 хоногийн онц байдал зарласан юм.
Эквадорын хамгийн том хотын телевизийн студид халдлага үйлдсэн нь Чонеросын бүлэглэлийн босс Адольфо Макиас Вильямар эсвэл Фитогийн сураггүй алга болсонтой холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Даниэль Нобоа сүүлийн үед гарсан шоронгийн үймээн самуун, шоронгоос оргосон болон эрх баригчдын зүгээс гэмт бүлэглэлүүдийг буруутгаж буй хүчирхийллийн бусад үйлдлүүдийн хариуд онц байдал зарласан. Тэрбээр гэмт хэргийн бүлэглэлүүдийг "саармагжуулах" тушаал өгч, тус улсад "дотоод зэвсэгт мөргөлдөөн" үүссэн гэж мэдэгджээ.
Тус улсын засгийн газар энэхүү хүчирхийлэл нь Ерөнхийлөгч Нобоагийн бүлгийнхэнд шинэ, өндөр хамгаалалттай шорон барих сануулга боллоо гэжээ. Ерөнхийлөгч лхагва гарагт хэлэхдээ, Эквадор хоригдлуудын тоог цөөрүүлэхийн тулд гадаадын хоригдлуудыг, ялангуяа Колумбын иргэдийг албадан гаргана гэжээ.
Л.Сайнаа