Буддагийн хойд дүр хэмээн дэмжигчид нь үздэг, оюун санааны удирдагч гэх тодотголтой эр Балбад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Тодруулбал, "Будда хүү" гэж нэрлэдэг, бурхны шашины зүтгэлтэн, Балбын иргэн Рам Бахадур Бомжан мягмар гаргийн орой насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр баривчлагдсан гэж цагдаагийн газар мэдэгдэв.
Нийслэл Катмандугийн өмнөд хэсэгт орших Бара дүүрэг дэх ашрамд гэлэнмаа хийж байсан гэх насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлсэн түүнийг баривчлах тушаал аль тэртээ 2020 онд гарсан байдаг.
Мэдээллийн дагуу цагдаа нар 34 настай залууг Катмандугийн зах хүртэл мөрдөж, зугтах гэж байхад нь баривчилсан гэж мэдэгдэлд дурджээ. Мөн түүний гэрээс арав гаруй гар утас, таван зөөврийн компьютер, таблет, 200 мянга гаруй долларыг Балба болон гадаад валютаар хураан авсан байна.
Энэ нь түүнийг олон улсын анхаарлыг анх татсанаас хойш бараг хорин жилийн дараа болж буй үйл явдал юм. 2005 онд 15 настайдаа тэрбээр ширэнгэн ойд 10 сар залбирахаар явсан гэж тухайн үеийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Түүнийг хоол унд, нойр усгүйгээр ийм зүйл хийсэн гэж дагалдагчид нь баталсан байдаг.
Гэвч эдгээр мэдээллүүд хэзээ ч батлагдаагүй боловч зарим хүмүүс түүнийг 2500 жилийн өмнө Балбад төрж, хожим гэгээрэн Будда гэгдэх болсон Сиддхарта Гаутамагийн хойд дүр гэж магтан сайшаах болсон. Бомжаныг ширэнгэн ойд байхад нь харахаар бусад улс болон хөрш Энэтхэгээс олон мянган хүн зорчдог байсан тул "Будда хүү" хэмээх хочоороо алдарт гарчээ.
Л.Сайнаа