Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа дотооддоо зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал үүссэн тухай мэдэгдэж, Эквадорт хэт хүчирхийлэл дэлгэрүүлсэн хэрэгт буруутгагдаж буй цөөнгүй гэмт бүлэглэлийг таслан зогсоохыг аюулгүй байдлын албаныханд тушаалаа.
Өнгөрсөн мягмар гарагт орон даяар гарсан хэд хэдэн хүчирхийллийн нэг болох тус улсын төрийн өмчийн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр юүдэнтэй, зэвсэгт этгээдүүд дайран орж, тасалдуулсны дараахан уг тогтоолыг гаргасан байна. Орон нутгийн хэвлэлүүд мөн Гуаякил хотын эмнэлэг, их сургуулиудад зэвсэгт этгээдүүд байгаа тухай мэдээлсэн.
Эквадорчууд уг үйл явдлаас болж айдаст автаад буй. Халдлага үйлдсэн этгээдүүд TC телевизийн ажилчдыг галт зэвсгээр сүрдүүлэн студийн шалан дээр хэвтүүлж, заналхийлсэн байна. Төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагад болсон уг үйл явдал орон даяар шууд дамжуулагджээ.
Удалгүй Эквадорын цагдаа нар зэвсэгт этгээдүүдийг бүгдийг нь баривчилсан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн, сүлжээний бүх ажилтнууд болон барьцаалагдсан хүмүүс амьд байгаа тухай мэдээлжээ.
Хэргийн газраас дөрвөн галт зэвсэг, хоёр гранат, тэсрэх бодис зэрэг олдсон бөгөөд 13 хүнийг баривчилсан гэж Үндэсний цагдаагийн ерөнхий командлагч Сезар Сапата мэдэгдэв. Гэмт этгээдүүд "терроризмын үйлдлийнхээ" төлөө хариуцлага хүлээнэ гэж тэр нэмж хэлэв.
Л.Сайнаа