УДБЭТ-аас Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт хоёр бүтээлийг энэ оны эхний сард толилуулж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг энэ сарын 20, 21-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно. Тус дуурь нь 77, 78 дахь удаагаа тоглогдох гэж байгаа ба театрын тайзнаа тоглогдсоны 61 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тус дуурийн удирдаачаар шинэ, залуу удирдаач З.Тэлмүүн-Очир ажиллах гэж байгааг дуулгахад таатай байна.
УДБЭТ нь 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн бөгөөд Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун удирдаачаар, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн найруулагчаар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Намхайцэрэн тайз хувцасны зураачаар, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав хормейстрээр ажиллажээ.
Тус дуурийн анхны гол дүрүүд болох Татъянад ардын жүжигчин А.Загдсүрэн, Ольгад гавьяат жүжигчин Б.Дариймаа, Онегинд Х.Дамиран, Ленскийд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Греминд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж нар тоглож байжээ.
Уг дуурийг анх удаа 1879 онд Москвагийн /Малый театр/ Бага театрт тоглож байжээ. Энэхүү гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь нь хүмүүсийн нийтлэг мөн чанар ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлтэй учирч буй залуусын хувийн зан араншингаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн Оросын сонгодог бүтээлүүдийн дээж юм.
УДБЭТ-т уг дуурийг анх тоглоход удирдаачаар Ж.Чулуун, найруулагчаар Д.Лхасүрэн, Д.Лувсаншарав, ерөнхий зураач Л.Намхайцэрэн нар ажиллажээ. Үүний дараа нь 1980 онд дахин сэргээн тавьсан.