Токиогийн Ханеда олон улсын нисэх онгоцны буудал дээр зорчигч тээврийн онгоцтой мөргөлдсөн Японы эргийн хамгаалалтын онгоц хөөрөх зөвшөөрөл аваагүй байсныг лхагва гарагт нийтэлсэн агаарын хөдөлгөөний удирдлагын албан ёсны протоколд дурджээ. Японы агаарын тээврийн 516 дугаартай онгоц мягмар гарагт хөөрөх зурваст хүрснийхээ дараа эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, 379 зорчигч эсэн мэнд гарсан ч эргийн хамгаалалтын онгоцонд байсан зургаан ажилтны тав нь нас бараад байгаа юм.
Japan Airlines (JAL) компанийн онгоцонд байсан 379 хүний 12 нь онгоцны багийн гишүүд байсан юм. Тэд 90 секундэд гал авалцсан онгоцыг бүрэн орхиж гарч чадсаныг олон улсын хэвлэлүүд сайшаагаад буй. Эргийн хамгаалалтын жижиг онгоцонд сууж явсан багийн зургаан гишүүний тав нь нас барсан гэж Японы Тээврийн сайд Тэцуо Сайто баталсан билээ.
Саитогийн лхагва гарагт нийтэлсэн дүрс бичлэгт Japan Airlines-ын нислэгт газардах зөвшөөрөл олгосныг харуулсан ч эргийн хамгаалалтын онгоцны хөөрөх зөвшөөрлийг тодорхой харуулаагүй байгаа юм. Өчигдөр цагдаа нар уг хэрэгт шалгалт хийж эхэлсэн. Ослын шалтгааныг ашиглалтаас гарсан анхааруулах гэрлүүдээс болсон гэх урьдчилсан таамаг дэвшүүлжээ.
Агаарын хөдөлгөөний удирдлага JAL-ийн зорчигч тээврийн онгоцонд орон нутгийн цагаар 17:43:26 цагт (ET 3:43:26) 34R-ийн хөөрөх зурваст газардах зөвшөөрөл өгсөн гэж протоколд дурдсан байна. Гэсэн хэдий ч протоколд эргийн хамгаалалтын нисэх онгоц хөөрөх зөвшөөрлийг тодорхой харуулаагүй.
Л.Сайнаа