Японы мөрдөн байцаагчид Токиогийн Ханеда нисэх онгоцны буудалд хоёр онгоц мөргөлдсөн хэргийг шалгахаар бэлтгэж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн дэлхийн агаарын тээврийн салбар хөөрөх зурвасын аюулгүй байдлын талаарх шинэ сэрэмжлүүлэлгтэй нүүр тулав.
Japan Airlines компанийн "Airbus A350" онгоц "De Havilland Dash-8" эргийн хамгаалалтын жижиг онгоцтой мөргөлдсөний улмаас эргийн хамгаалалтын онгоцонд сууж явсан багийн зургаан гишүүний тав нь амь үрэгдсэн харамсалтай мэдээлэл гарсан.
Японы аюулгүй тээврийн зөвлөл (JTSB) зорчигч тээврийн онгоцны их биеийг үйлдвэрлэсэн Франц болон хоёр ширхэг "Rolls-Royce" хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн Их Британийн агентлагуудын оролцоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болсон тухай албаныхан мэдэгдэв.
Л.Сайнаа