Мягмар гаргийн шөнө Ливаны нийслэл Бейрутын өмнөд хэсэгт болсон халдлагын хохирогчдын нэг нь ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Салех Аль-Арури байсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Тодруулбал, ХАМАС-ын хэвлэл мэдээллийн "Аль Акса" телевиз "ХАМАС-ын улс төрийн товчооны орлогч дарга, алагдсан удирдагч Салех Аль-Арури Бейрут хотод урвасан сионистуудын агаарын цохилтын үеэр амиа алдсан" гэж мэдэгдээд байна.
Арури нь тус бүлэглэлийн цэргийн жигүүр болох Изз ад-Дин аль-Кассамын бригадыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Бейрут хотод байрладаг байжээ. Израилийн арми аравдугаар сард эзлэгдсэн Баруун эрэг дэх Арура хот дахь Аруригийн байшинг нураасан байна. Тухайн үед Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) "ХАМАС алан хядах байгууллагын улс төрийн товчооны орлогч дарга, ХАМАС-ын үйл ажиллагааг хариуцаж байсан Салех аль-Аруригийн байрыг нураахаар тус хотод бүтэн шөнийн ажиллагаа явуулсан" гэж мэдэгджээ.
Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Аль Аруригийн аминд хүрсэн дэлбэрэлтийг буруушааж, X дээр хэлэхдээ, "Уг дэлбэрэлт бол Ливаныг сөргөлдөөнд татах зорилготой Израилийн өдөөсөн шинэ гэмт хэрэг. Бид холбогдох орнуудад хандан Израилийн эсрэг шахалт үзүүлэхийг уриалж байна. Израилийн улс төрийн түвшин Газа дахь бүтэлгүйтлээ өмнөд Ливаны хил рүү чиглүүлж байгаа эсэргүүцэж байна” гэж бичжээ.
НҮБ-д суугаа Израилийн элч асан Дэнни Данон Израилийн Аюулгүй байдал, тагнуулын агентлагуудад Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтныг хөнөөсөн явдалд баяр хүргэв. Данон "ХАМАС-ын ахлах албан тушаалтан Салах аль-Ааруриг Бейрутэд хөнөөсөнд би IDF, Шин Бет, Моссад болон аюулгүй байдлын хүчнийхэнд баяр хүргэе" гэж X дээр хэлэв.
Л.Сайнаа