Өөрийнх нь нэртэй хаа сайгүй байдаг гар бууг зохион бүтээгч Гастон Глок лхагва гарагт 94 насандаа таалал төгслөө. "Glock" компани түүний үхлийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.
Глок Австри улсад анх инженерээр ажиллаж эхэлжээ. Тэрээр 1963 онд "Glock" компанийг үүсгэн байгуулсан гэж тус компанийн цахим хуудсанд бичсэн байна. Тэрээр гараж дахь төмөр эдлэлийн цехэд гар буу зохион бүтээж, хутга, хөшигний саваа зэрэг үйлдвэрлэж эхэлсэн.
Мөн тэрээр 1980-аад оны эхээр Австрийн армид зориулан хагас автомат "Glock" үйлчилгээний гар бууг бүтээжээ. "Glock" нь хөнгөн жинтэй, уламжлалт гангийн оронд нейлон суурьтай полимер хүрээгээр хийгдсэн бөгөөд 17 хүртэлх сумаар цэнэглэх боломжтой гар буу юм.
1980-аад оны дунд үе гэхэд "Glock" гар буу АНУ-ын зах зээлд нэвтэрсэн. “Гастон Глок амьдралынхаа туршид өөрийн группын стратегийн чиглэлийг тодорхойлж, ирээдүйд бэлтгэсэн. Түүний эхлүүлсэн бүхэн үргэлжлэх болно" гэж "Glock"-ийн сайтад бичсэн байна.
Л.Сайнаа