Амьдралынхаа ихэнх хугацааг химийн эмчилгээнд зарцуулсан бяцхан охиныг Их Британийн хатан хаан Виндзорын шилтгээнд өөртэй нь хамт цай уухыг урьжээ. Оливиа Тейлор өдгөө долоохон настай, тархины хавдар туссанаас болж хараагаа алдсан байна. Охин Виндзорт хийсэн айлчлалынхаа хүрээнд анх удаа цай ууж үзсэн нь энэ гэнэ.
Хатан хаан түүнийг урих болсон шалтгаан нь Оливиа Букингемийн ордны Зул сарын баярын найрал дууны хоорт тоглосныг Хатан хааны зул сарын баярын өмнөх нэвтрүүлгээс олж үзсэнээс болсон гэнэ. Улмаар тэр бяцхан охины амьдралын түүхийг сонсоод урих сэдэл төржээ.
Оливиа хатан хааны зочны өрөөнд цай ууж, Рудольф "Улаан хамарт цаа буга" дууг дуулж өгсөн нь олын хайрыг татсан гэнэ. Лондонгийн зүүн өмнөд хэсэгт орших Сидкуп хотоос гаралтай Оливиагийн гэр бүлийнхэн уулзалтын төгсгөлд хатан хаантай дурсгалын зураг авхуулжээ. Хатан хаан эгч дүүсийг тэвэрч үнсээд, Оливиагийн эцэг эхээс түүний биеийн байдлын талаар байнга мэдээлж байхыг хүссэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)