Газын Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Израилийн агаарын цохилтын улмаас зурвасын голд байрлах Аль-Магази дүрвэгсдийн хуаранд хамгийн багадаа 70 хүн амь үрэгдсэн гэх харамсалтай мэдээ ирлээ.
Тус газарт олон гэр бүл амьдардаг, батлагдсан амиа алдагсдын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Израиль болон Арабын хэвлэлүүд Газын зурвастай хиллэдэг Египет Израиль, Хамас хоёрын хооронд гал зогсоох шинэ санал дэвшүүлсэн гэж мэдээлжээ.
Шархадсан олон арван хүнийг Магази хотоос ойролцоох Аль-Акса эмнэлэг рүү яаралтай хүргэсэн бөгөөд зарим хүүхдийн нүүр цусанд будагдсан, гадаа овоолсон цогцосны уутыг харуулсан дүрс бичлэгүүд тарав. Ням гарагийн орой халдлагад гурван байшин өртсөн гэж Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф аль-Кудрагийн хэлснээр хүн ам шигүү суурьшсан орон сууцны хороолол нурсан нь амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх шалтгаан болно гэжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш Газын зурваст 20 мянга гаруй хүн, голдуу хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдэж, 54 мянган хүн шархадсан байна.