Бид бүхний хоног тоолон хүлээдэг шинэ жил, зул сарын баяр болоход ердөө ес хоногийн хугацаа үлджээ. Энэ жилийн баярын өдрүүд дэлхий дахинд маш онцгой, бас маш завгүй болж өнгөрөх нь эргэлзээгүй биз ээ. Иймд шинэ жилээр аялах боломжтой үзэсгэлэнт таван орныг онцлон хүргэж байна.
-Брюгге, Бельги-
Европын хотууд жилийн дөрвөн улирлын турш үргэлжид үзэсгэлэнтэй хэвээр байдаг ч зул сарын үеэр бүр ч илүү шүү. Үүний хамгийн тод жишээ бол Бельгийн дундад зууны үеийг санагдуулам готик архитектур бүхий Брюгге хот юм. Зул сарын үеэр хот бүхэлдээ гэрлэн чимэглэл, гацуур мод, цөцгийн тостой вафли болон халуун шоколадны үнэрт бялхсан үлгэрийн орон болон хувирдаг билээ.
-Лапланд, Финланд-
Зул сарын хот, Санта Клаусын төрсөн нутаг гэгддэг Лапланд руу аялж хүүхэд насны мөрөөдлөө биелүүлээрэй. Зул сарын баярын үеэр жуулчдын хөлд жинхэнэ утгаараа дарагддаг Лапландыг зорьсноор та мөсөн зочид буудалд буух, туйлын туяа харах, Санта Клаустай уулзаж дурсгалын зураг татуулах, цаа буга хөлөглөн чарганы аялал хийх, бүр хүсвэл Боттенийн тэнгисийн хөлдсөн усан дээгүүр мөс зүсэгч хөлөг онгоцоор аялах ч боломжтой юм.
-Бали, Индонез-
Үзэсгэлэнт Бали арал үргэлж зөв сонголт байдаг. Шинэ жил, зул сарын баяр гээд заавал цастай, хүйтэн газар луу аялж, Сантаг олох ёстой гэсэн дүрэм байхгүй. Харин тайван амгалан Балиг зорьж, өглөөг далайн эрэг дээрх иогоор эхлүүлэх ч бас сайхан сонголт байж мэднэ. Бурхдын арал ч гэж нэрлэгддэг Балиг зорьсноор та Индонезын өвөрмөц соёлыг харуулах олон гайхалтай сүм хийд, байгалийн цогцолборт газартай танилцахаас гадна далайн түвшнээс дээш 1,700 метрийн өндөрт орших Батур галт уулын оргилд гарч, нар мандахыг харах боломжтой юм.
-Вистлер, Канад-
Гэр бүлийн зул сарын аялалд үүнээс илүү тохирох газар гэж үгүй. Вистлер болон Блаккомб уулын бэлд орших энэхүү тосгон нь аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд зөвхөн явган зорчигчдод зориулсан автомашингүй тосгон билээ. Жижиг гэлтгүй энэ тосгон нь олон тооны ресторан, зочид буудал, дэлгүүр, цэнгээний газруудтайгаас гадна жил бүр хоёр сая орчим хүн хүлээн авдаг, Хойд Америкийн хамгийн том цанын баазуудын нэг болох Whistler Blackcomb ч мөн энд бий. Уулын спортод дурлагсдын мөрөөдлийн газар болох Вистлер нь жил бүр зул сарын баярт зориулсан олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээнүүд зохион байгуулдаг учир зорин очих ёстой газруудын нэг яах аргагүй мөн билээ.
-Хавай, АНУ-
АНУ-ын Хавай муж нь идэвхтэй болон идэвхгүй олон тооны галт уул бүхий том жижиг хэдэн зуун арлаас бүрддэг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь бидний сайн мэдэх Хавай арал юм. Энд та далайд сэлэх, шумбах, хөлөг онгоцтой аялал хийхээс гадна онгон байгальд зугаалж, ууланд авирч, усан доорх аварга махчин загаснуудыг ойроос харах зэргээр уйдах завгүй амралтаа өнгөрүүлнэ.