БАРИМТ 1
Тэрбээр 1949 онд мэндэлсэн. 74 настай.
БАРИМТ 2
Түүний төрсөн нутаг бол Улсын аварга О.Хангайн төрсөн нутаг болох Ховд аймгийн Буянт сум билээ.
БАРИМТ 3
Тэрбээр 1971, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1991 онуудад Улсын баяр наадамд нийтдээ 11 удаа шөвгөрсөн шилдэг заан байлаа.
БАРИМТ 4
1972 оны Мюнхений олимпод сонгомол бөхийн төрлөөр өрсөлдөж байсан.
БАРИМТ 5
Тэрбээр багадаа хөдөө Цагаан сарын барилдааныг радиогоор сонсдог байжээ. Тухайн үед Хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай бөхчүүдийг овог нэр аймагтай сумтай нь гайхалтай гоё тайлбарладаг байлсан гэдэг.
БАРИМТ 6
Багаасаа бөх болох хүсэлтэй байсан тэр 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж ирээд хамгийн анх Цагаан сарын барилдаанд барилдаж байсан цаг 1968 он.
БАРИМТ 7
Тэр жил тэрбээр Аймгийн заан цолтой байсан гэдэг.
БАРИМТ 8
Радиогоор аварга, арслангуудыг цоллоход өөрөө аварга болчихсон мэт догдолж, босоод дэвчихдэг байсан тэрбээр уг барилдаанд ганцхан даваа авбал их юманд бодсон ч нутаг усныхаа нэрийг зарлуулж, гурав давсан гэнэ лээ.
БАРИМТ 9
Тэрбээр хоёрын даваанд Өвөрхангайн С.Цэдэвсүрэн начинг, гурвын даваанд Архангайн Хотонтын “Том” хэмээх улсын арслан Д.Жамц гуайг унагасан бол дөрвийн даваанд Д.Дамдин аваргад амлуулж барилдаад өвдөг шороодсон.
БАРИМТ 10
Тэрбээр бөх хүний жудагт сэтгэлээр Ч.Бямбадорж, Р.Даваадалай, Т.Бат-Эрдэнэ зэрэг нутгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжиж улсын цолонд хүргэсэн.
БАРИМТ 11
1971 онд 5 давж улсын начин болсон.
БАРИМТ 12
1974 онд 6 давж "Өсөх идэр" чимэг, 1975 онд 6 давж "Хуйрнан шуугигч" чимэг, 1977 онд 5 давж "Уран мэхт" чимэг хүртэн Улсын начин хэмээх цолыг гурван удаа баталжээ.
БАРИМТ 13
Улмаар 1978 онд 7 давж улсын заан цол хүртжээ.
БАРИМТ 14
Тэр цагаас хойш 1979 онд 5 давж "Өсөх идэр" чимэг, 1980 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг, 1986 онд 6 давж "Хурц гарамгай" чимэг, 1987 онд 5 давж "Уран барилдаант" чимэг, 1988 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг, 1991 онд 6 давж "Цогт гарамгай" чимэг хүртсэн шилдэг бөх билээ.
БАРИМТ 15
Жараад оны сүүл үеэс наяад он хүртэлх энэ зурвасхан үед монгол бөхийн нэгэн үеийн алдар цуутнууд хоорондоо ид барилдаж байлаа. Д.Дамдин аварга хариагүй, хоёр Мөнх ид, С.Цэрэн, Ч.Бээжин аваргууд лут байсан үе. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир, У.Мижиддорж, Л.Сосорбарам, “Тэмээ өргөдөг” Б.Жамьяандорж, Ж.Хайдав, П.Дагвасүрэн гэх аваргын дайны арслангууд энэ хэдийг залгаад Цэрэнтогтох, Д.Хадбаатар, М.Мөнгөн нар тодорсон юм. Эд нар бол Д.Мягмарын начин цолтой байх үеийн хар дарсан зүүд байлаа. Учир нь тэр Улсын баяр наадамд үргэлж тэдэнтэй таарч, цолоо ахиулж чаддаггүй байжээ. Шөвгийн дөрөвт үлдэж чадалгүй, дунд шөвгөөс мултарчихдаг мань эр 1978 онд цолоо ахиулж, заан болсон.
БАРИМТ 16
Тэр арван жилийн ангидаа хамгийн том биетэй нэгэн байжээ. Ангийнх нь бүх хөвгүүд ээлж дараагаар түүнд унадаг байсан гэлцдэг.
БАРИМТ 17
Нэгэн өдөр түүний ах нь халаасанд багтдаг жижиг шатар өгчээ. Мань эр ангийнхаа хүүхдүүдэд хандан миний гарыг газар хүргэсэн хүнд шатраа өгнө гэж ам гарсан удаатай. Гэвч түүний гарыг хэн ч газарт хүргэж чадаагүй гэдэг.
БАРИМТ 18
Түүний аав их бяртай хүн байсан гэж нутаг усныхан нь ярьдаг.
БАРИМТ 19
Д.Мягмар наймдугаар ангид байхдаа л аймгийнхаа том цолтнуудтай ана мана үздэг, аатай бөх болчихсон байсан учир үеийнхэн нь түүнийг давж хүчирдэггүй байсан аж.
БАРИМТ 20
Хүчтэй, сайн барилддаг, том биетэй учир ангийнхан нь түүнийг "Танк" хэмээн хочилдог байж.
БАРИМТ 21
Тэрбээр 1991 онд аварга Д.Хадбаатараар тав, шинэ начин Х.Амраагаар зургаа давж 43 насандаа их шөвөгт үлдэж байлаа. Түүнээс хойш дөрөв, таван жил барилдаад зодог тайлсан юм.
БАРИМТ 22
Д.Мягмар есдүгээр ангидаа Ховд аймгийн баяр наадамд үзүүр булааж, Аймгийн заан цолонд хүрсэн.
БАРИМТ 23
Түүний хамгийн сайн хийдэг мэх нь гар ачих гэлцдэг. Гэвч түүний унаган мэх нь өсгийлдөх, цолгооноос цохих мэх байжээ. Тэр мөн хүний хийсэн мэхийг хариулж барилдахдаа гаргуун нэгэн байв.
БАРИМТ 24
Тэрбээр "Сүүлийн үеийн залуу бөхчүүдийн талаар сэтгэл дундуур явдаг. Гар ачаа гэх мэхийг мартагнуулахгүй залгамжлах залуус ховор байна" гэж хэвлэлд ярьж байв.
Сэтгэгдэл (1)