Эрт урьдын цагт Ариндэлийн хаант улсад Элза болон Анна хэмээх эгч дүүс гүнж нар амьдардаг байжээ. Тэд бага балчир байхдаа өдрийг хамтдаа тоглож өнгөрүүлэн бие биенийхээ хамгийн сайн найзууд байжээ. Гэвч нэг л өдөр энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Юу болсон вэ? гэхээр том эгч Элзад цас мөсийг удирдах хүч чадал байдаг байлаа.
Үүнийг зөвхөн ээж, аав болон хонгорхон дүү Анна нь л мэддэг байв. Анна гэхдээ эгчээсээ айлгүй байнга эгчтэйгээ хамт цас мөсөөр тоглоё хэмээн эгчийнхээ араас гүйдэг байлаа.
Нэгэн шөнө урьдын л адил Анна Элза эгчийгээ сэрээн том бүжгийн өрөөнд цасаар тоглоё хэмээн урьжээ. Элза ч зөвшөөрч цасаар байлдан, мөсөн дээр гулган тоглож байгаад Элза Аннаг санамсаргүй өөрийн хүчээр оночхов гэнэ.
Цас мөсний ид шидээр цохиулсан Анна газар ухаан алдаж унахыг харсан Элза ээж аавынхаа хамтаар уулын гүн дэх троллууд дээр очиж Аннаг аврахыг гуйлаа. Ахмад тролл Аннаг үзээд “Аннаг аварч болно. Энэ удаадаа тэр толгойдоо цохиулсан болхоор гайгүй өнгөрлөө.
Хэрэв зүрхэндээ цохиулсан бол би ч аварч чадахгүй шүү.” Хэмээн санууллаа. Үүнээс хойш Элза хайртай дүүгээ дахиж гэмтээчих вий дээ хэмээн айж дүүгээсээ зайгаа барих болов. Эгчээсээ хөндийрсөн Анна ч тун удалгүй тэр шөнийг мартаж, эгчийгээ цас мөсний ид шидтэй гэдгийг ч мартав.
Харин хаан хатан хоёр тэр шөнийн үйл явдлаас олон зүйлийг ухаарч орд харшийнхаа хаалгыг хааж, хэнийг ч оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингээд бүх зүйл гайгүй болно гэж бүгд бодсон боловч харамсалтай зүйл болж хаан хатан хоёрын сууж явсан завь далайн шуурганд орж нас барсан мэдээ тун удалгүй Элза Анна хоёрт ирлээ.
Анна Элза хоёр гашуудан буцаж дотносохыг хүссэн боловч Элза өөрийн хүчийг удирдаж сураагүй тул зөвшөөрсөнгүй дүүгээсээ улам илүү холдсоор олон жилийг өнгөрүүлэв.
Цаг хугацаа ниссээр Элза 21 нас хүрч албан ёсоор хатан хаан болох өдөр ирлээ. Энэ үеэр өмнө нь харшид хэнийг ч оруулахгүй гэсэн хуулийг цуцалж харшийн хаалгыг томоор нээж улсын бүх хүнийг хатан хаан болгох ёслолд урилаа.
Элза олон хүний өмнө хүчээ харуулах вий хэмээн санаа зовж байхад харин Анна Умардын хаант улсын ханхүүтэй бүжиглэж байв. Харшид ганцаархнаа өссөн Аннагийн зүрхийг ханхүү булааж тэр хоёр тэр доороо л гэрлэх шийдвэр гаргав.
Үүнийг сонссон Элза гайхаж шийдвэрийг нь эсэргүүцэв. “ Та хоёр өнөөдөр л танилцсан шүү дээ. Гэрлэх шийдвэр гаргахад хэтэрхий эрт байна.” гэсэн Элзагийн үгийг сонссон Анна уурлан Элзатай маргалдав. “Танд миний гэрлэх хамаатай гэж үү? Та угаасаа л намайг тоодоггүй шүү дээ.”
гэхэд Элзагийн сэтгэл тогтворгүй болж хүчээ удирдаж чадалгүй бүжгийн өрөөг хөлдөөчхөв. Үүнийг харсан бүх хүмүүс гайхсан айсан царайгаар Элза руу харлаа. Элза сандран уул руу зугтлаа. Тэр Ариндэлд зуны нар ч хайлуулж чадахгүй мөсөн өвөл үлдээснээ мэдэлгүй уул өөд гүйн одов.
Анна юу хийснээ ойлгоод өөрийн улсаа ханхүүд үлдээж Элзагийн араас явлаа. Гэвч түүнд ой мод руу л гэхээс биш өөр явах зүг чиг байсангүй. Дээрээс нь унаж явсан морь нь уул өөд өгсөж чадахгүй байв. Аннаг морио үлдээгээд өөрөө эгчийгээ хайхаар уул өөд алхав гэнэ. Морьгүй Анна яахаа мэдэхгүй байтал азаар цаа буга унасан мужаан залуутай таарав. Анна учир байлдаа тайлбарлаад мужааныг өөртэй нь хамт явахыг гуйлаа. Мужаан ч зөвшөөрөн тэр гурав Элзаг хайж явсаар үзэсгэлэнтэй мөсөн төгөлд орж илбээр амьд болгосон цасан хүнтэй таарч гэнэ. Цасан хүн тэдний учир байдлыг сонсоод зуныг авчрахад тусална хэмээн амлаад Элзагийн зүг дагуулж явлаа.
Энэ үеэр Аннагийн морь Ариндэлд ганцаархнаа буцаж ирэхийг харсан ханхүү хүмүүст хандан Аннаг буцааж авчиръя хэмээн хүмүүс цуглуулан эрэлд гарлаа. Харин манай дөрөв урт замыг туулсны эцэст Элзагийн үзэсгэлэнтэй мөсөн харшийг олж очин алмайрч хэсэг зогсов. Эцэст нь Анна Элзатай уулзаж Ариндэлд болж буй мөсөн шуурганы тухай Элзад хэлэв.
Элза санаа зовсон ч гэсэн хэрхэн шуургыг зогсоохоо мэдэхгүй болохоор буцаж очихыг хүсэхгүй байлаа. Анна Элзаг гэртээ буцаж ирээч хэмээн ятгахыг хүссэн боловч Элза дургүйцэж санаандгүй өөрийн ид шидээр Аннагийн цээжийг цохичхов.
Анна ид шидэд цохиулсан ч гэсэн бууж өгөлгүй Элзаг хамт буцаач хэмээн ятгахын харсан Элза том хүчтэй цасан хүн бүтээж Анна болон найзуудыг нь өөрийн мөсөн харшаасаа хөөж гаргалаа.
Хөөгдсөн ч гэсэн Анна бууж өгөлгүй буцаж орохыг хүссэн боловч мужаан Аннагийн үсийг цагаан болж байгааг хараад өөрийн гэр бүл болох троллууд дээр Аннаг дагуулан ирлээ. Ахмад тролл Аннаг үзээд Элза өөрийн хүчийг буцааж авахгүй бол Анна мөс болон хөлдөх болно гэдгийг тайлбарлаад өөр нэгэн аргыг Аннад зааж өгөв.
“Зөвхөн жинхэнэ хайрын үйлдэл л мөсөн зүрхийг хайлуулж чадна” хэмээн ахмад троллын хэлэхэд үүнийг сонсоод мужаан залуу, Аннаг ханхүү руу хүргэж өгөхөөр Ариндэлийн зүг яаран хөдөллөө.
Энэ үеэр ханхүү өөрийн цэргүүдийн хамтаар Элзагийн харшийг олж очин Элзаг барьж Ариндэлийн шоронд хорьлоо. Анна ч энэ үед ханхүүг олон хэрхэн ид шидэд цохиулсан тухайгаа хэлээд өөрийг нь жинхэнэ хайрын үнсэлтээр аврахыг хүслээ.
Ханхүү үүнийг сонсоод баярлан Аннаг өрөөнд нь цоожлоод Аннад хайргүй зөвхөн хайртай дүр эсгэж байгаад Ариндэлийн хаант улсын хаан болох төлөвлөгөөтэй байснаа хэлж өглөө. Үүнийг хэлснийхээ дараа хорон санаат ханхүү Аннаг өрөөнд нь мөс болог хэмээн үлдээж Элзаг олохоор гарлаа.
Азаар цасан хүн Аннаг олж гал асаан дулаацуулж байтал мужаан залуу хааны харш руу давхин ирж байгааг харав. Аннаг ханхүү биш мужаан залуу үнсэх ёстой гэж цасан хүн бодов. Анна цасан хүн хоёр өөрсдийгөө сайхан дулаалаад мужааны өөдөөс цасан шуурганд алхаж эхэллээ.
Харин нөгөө талд Ханхүү, Элзаг зугтаж байхыг хараад араас нь хөөн Анна Элзагийн ид шидэнд цохиулж мөс болон үхсэн тухай худлаа ярилаа. Үүнийг сонссон Элзагийн зүрх нь эмтэрч , амьгүй хүүхэлдэй шиг газар нурж унав.
Ханхүү энэ байдлыг нь ашиглан сэлмээ сугалаад Элзаг хороохоор завдан сэлмээ далайтал үүнийг харсан Анна эгчийгээ хамгаалахаар сэлэмнийх нь урд орж зогслоо. Тэр үед Анна ч мөс болон хөлдөж ханхүүгийн сэлэм мянга мянган ширхэг болон хагарлаа. Үүнийг харсан Элза мөс болсон дүүгийнхээ биеийг тэврэн авав.
Гэнэт гайхамшиг болж Аннагийн бие буцаж хайлж эхлэн Анна эргэн амилав. Ийнхүү эгч дүү хоёр ахин нэг удаа тэврэлдлээ. Цасан хүн үүнийг хараад ахмад троллын хэлсэн “ Жинхэнэ хайрын үйлдэл хөлдсөн зүрхийг хайлуулах болно” гэсэн үгийг саналаа. Аннагийн эгчдээ өгсөн хайр Элза болон Ариндэлийг аварч чадлаа.
Эгч дүүс хоёр дахин хамгийн сайн найзууд болж Ариндэлд дахин зун цаг ирлээ. Зуны халуун нарнаас цасан хүнийг хамгаалж Элза түүнд жижигхэн цасны үүл бэлэглэв. Харин Элза Анна дүүдээ зориулан харшийн хаалгыг үргэлж нээлттэй байлгах хууль гаргалаа. Ингэж л эгч дүүсийн хайр мөнхийн өвлийг ялж чадсан юм даа.