Нэр хүнд хурдацтай өсөж буй дуучин, ая зохиогч Тейлор Свифтийн хувьд өнгөрсөн онд Billboard чартын шилдэг 10 дууны жагсаалтыг бүрэн эзэмшсэн амжилтаараа рекорд тогтоогоод байсан. Тэгвэл түүний хувьд энэ он ч мөн адил ололт амжилтаар дүүрэн жил болж байна. Нэр хүндтэй олон шагналын эзэн болж, тоглолтын киногоороо “Вox office”-ын дээд амжилтыг эвдсэн гээд дурдаад байвал олон билээ.
Тэгвэл 12 дугаар сарын 13-ны өдөр 34 насны төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнөхөн тэрбээр Гиннесийн дээд амжилтын эзэн болжээ. Тодруулбал, “Eras Tour” аялан тоглолт нь түүхэн дэх хамгийн их орлого олсон аялан тоглолт боллоо. Үүний зэрэгцээ нэг тэрбумаас дээш ам.долларыг орлого олсон анхны аялан тоглолт болжээ.
Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн энэхүү аялан тоглолт үргэлжилсээр байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сард дуусах юм. Тиймээс нэг тэрбум ам.долларыг хэдийнээ олсон поп од ирэх оны энэ үе гэхэд одоогийн орлогоо хоёр дахин үржүүлэх төлөвтэй байна.
“Eras Tour” дээд амжилт тогтоохоос өмнө Британийн дуучин Элтон Жоны “Farewell” аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон эрхмээр тодроод байлаа. Энэ оны эхээр дууссан “Farewell” 939 сая доллар олсон юм. Гэхдээ энэ тоглолт таван жилийн турш үргэлжилж, 382 удаа тоглогдсоныг дурдах нь зүйтэй. Харин “Eras Tour” ес хүрэхгүй сарын дотор дээр дурдсан амжилтыг үзүүлжээ.
Тайлор Свифтийн тоглолт дуучин Бейонсегийн амжилтыг эвдээд зогсохгүй Америкийн түүхэн дэх хамгийн том тоглолт болж байна.
Л.Сая