Өчигдөр улсын маань төв талбайд Зул сарын гацуур гэрлээ асаалаа. Төдийлөн хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байдаггүй ч үнэ өртгийн хувьд өндөр гэгддэг уламжлалт гацуур энэ жил олны анхаарал, сонирхлыг тийм ч их татсангүй. Магадгүй цаг үеийн дуулиант асуудлуудаас болоод эсвэл бидний амьдралд хэтэрхий гэрэлгүй болсон учраас гэрэл асахад ч сэтгэл догдлохоо байсан биз ээ.
Тэгвэл бид та бүхэнд энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийн хамгийн өвөрмөц, онцгой, алдартай хэдий ч хямд өртгөөр боссон 10 зул сарын гацуурыг онцолж байна. Эдгээр гацуурууд бүгд хямд өртгөөр бүтсэн, энгийн байхаар төлөвлөгдсөн гэдгийг онцлох хэрэгтэй байх.
1. Итали, Губбио
Энэ бол үнэн хэрэгтээ мод биш юм. Энэ бол жил бүр Умбриа дахь Губбио хотын гаднах Ингино уулын энгэрт суурилуулсан гэрэлтүүлгүүд билээ. Гэхдээ энэ нь гацуур мод шиг харагддаг бөгөөд энэ жагсаалтын хамгийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Зул сарын баярын үеэр тухайн бүс нутгийг хараа булаам болгодог энгийн нэгэн гэрэлтүүлэг гэж хэлж болно.
2. Рокфеллерийн төв, Нью-Йорк
Энэ мод жил бүр дэлгэрч буй Рокфеллерийн цогцолборын дунд найлздаг. Одоогийн байдлаар Instagram дээр 54 мянга орчим "Rockefellerchristmastree" hashtag байна. Гайхалтай биш гэж үү?
3. Вильнюс, Литва
Жил бүр богино хугацаанд Литвийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болж хувирдаг тийм ч алдартай бус гацуур юм. Вильнюсын сүмийн талбай дахь зул сарын гацуур мод нь нүд гялбам гэрлэн чимэглэлээрээ олны харцыг булаадаг ажээ.
4. Рио-де-Жанейро, Родриго де Фрейтас нуур
Рио-де-Жанейрогийн Родриго де Фрейтас нууранд байдаг дэлхийн хамгийн том хөвөгч гацуур мод нь 70 метрийн өндөртэй, нэг сая орчим LED гэрлээс бүрддэг байна.
5. Вашингтон ДС, Капитол Хилл
1960-аад оны дунд үеэс хойш жил бүр Капитол Хилл дээр мод асаах томоохон ёслол болдог. Моднууд нь төрөл бүрийн өнгөөр гэрэлтдэг нь улам бүр үзэсгэлэнтэй харагдуулдаг аж.
6. Зокало, Мехико хот
Мехико хотын томоохон талбай Зул сарын баярыг тохиолдуулан бүх төрлийн тансаг гэрэлтүүлэг, цагаан тугалгаар чимэглэгддэг. Түүний төв хэсэгт 40 метр өндөр мод чамин гэрэлгүй ч үзэсгэлэнтэйгээр оршиж байдаг.
7. Пуэрта дель Сол, Мадрид
Зочид болон нутгийн иргэд Испанийн нийслэл дэх энэхүү гайхамшигт талбайд цуглардаг. Тэдгээрийн дийлэнх нь асар том, гацуур мод, Зул сарын үзэсгэлэн худалдааг үзэж, сонирхохоор ирдэг байна.
8. Францын Страсбург хот
Страсбургийн Клеберийн Зул сарын баярын зах нь есөн тонн жинтэй, 30 метрийн өндөр модоор уур амьсгал оруулдаг ажээ. Хуучны хэв маягаа хадгалсан барилгууд, тийм том биш авсаархан талбайн нэг захад үзэсгэлэнтэй ургаа гацуур байна гээд төсөөлөөд үзээрэй.
9. Лондон, Трафалгарын талбай
Баярын турш сар бүр 8000 орчим хүн Google-ийн "Трафалгарын талбайн гацуур мод"-ыг хайдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээс ч аргагүй. Учир нь энэ гацуур хэтэрхий гайхалтай бас үзэсгэлэнтэй. Уламжлалт хэв маягийг эвдсэн гэрлэн чимэглэл нь шөнийн цагаар тус газрыг гайхамшиг болгодог.
10. Улаан талбай, Москва
Улаан талбай бол өвлийн улиралд Москвад Зул сарын баяраар хамгийн их хүн цуглаж, баярладаг газруудын нэг яах аргагүй мөн. Аварга том мөсөн гулгуурын талбай, баярын үзэсгэлэн, асар том гацуур модтой. Бараг л үлгэрт гардаг юм шиг мэдрэмжийг тэндээс л олох байх.
Л.Сайнаа