Шоронд хоригдож буй Ираны идэвхтэн Наргес Мохаммадигийн ихэр хүүхдүүд түүний нэрийн өмнөөс Нобелийн энх тайвны шагналыг хүлээн авчээ. Тегеранд 10 жилийн хорих ял эдэлж буй Мохаммади энэ жилийн шагналыг Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэн бүтээлээрээ хүртэж буй.
Шоронгоос хууль бусаар хүргэж ирсэн гэх түүний илтгэлд Ираны "дарангуйлагч" засгийн газрыг буруушааж, "Ираны ард түмэн тууштай байж хэлмэгдүүлэлт, дарангуйлалыг даван туулах болно. Бүү эргэлз, энэ нь тодорхой" хэмээв.
Энх тайвны төлөөх нэр хүндтэй шагналыг утга зохиол, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын бусад Нобелийн шагналын хамт ням гарагт Осло хотноо гардууллаа. Мохаммади олон жилийн турш Иранд хүний эрхийн нэр хүндтэй зүтгэлтэн байсаар ирсэн. 51 настай тэрбээр 2010 оноос хойш бараг тасралтгүй шоронд хоригдож байгаа бөгөөд нийтдээ 13 удаа баривчлагдаж, таван удаа яллагдаж, нийт 31 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг.
Тэр одоо "суртал ухуулга явуулсан" хэргээр шоронд хоригдож байгаа. Түүний нөхөр, улс төрийн зүтгэлтэн Таги Рахмани хоёр хүүхдийн хамт Парист цөллөгт амьдардаг бөгөөд тэд олон жилийн турш уулзаагүй юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)