Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг 2023” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
33 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын нэгдүгээр шатанд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимагийн зохиолчдын 90 гаруй өгүүллэг иржээ. Эцсийн шатанд 11 зохиолчийн өгүүллэг шалгарч, Дорнод аймгийн Чойбалсан хотноо дуудууллаа.
Улмаар тэргүүн байранд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын “Тамга” өгүүллэгээрээ шалгарсан юм. Тэрбээр энэхүү наадамд таван удаа дэд байр эзэлж байв. Дэд байрыг Д.Гүн-Үйлсийн “Алтан судар”, гуравдугаар байранд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Морин цэргийн дууль” өгүүллэг шалгарлаа.
Харин шилдэг өгүүлэгчээр Ардын жүжигчин Г.Равданыг тодруулсан юм. Уран уншигчдаас ивээн тэтгэгч болон XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжавын нэрэмжит шагналыг уг наадмын тэргүүн өгүүллэг болох “Тамга”-ыг уншиж олны хүртээл болгосон жүжигчин, дуу оруулагч Ө.Мөнгөнтулга гардлаа. Түүнчлэн Өвөрмонголын зохиолч Э.Бүрэнтөгсийг “Утга зохиолын төлөө” шагналаар шагнасан байна.
Тэргүүн өгүүллэгийн эзэн болон түүнийг уншиж олны хүртээл болгосон уран уншигчид Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөлөөс хурдан удмын даага бэлэглэжээ.