Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,957.7 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр оны эхнээс нийт худалдан авсан үнэт металлын хэмжээ 16.1 тонн хүрснийг Монголбанк мэдээллээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн ижил хугацаан дахь хамгийн бага хэмжээний худалдан авалт болж байгааг статистикаас харж болохоор байна.
2023 оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.9 тонн, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 0.95 тонн үнэт металл худалдан авсан аж.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд 11 дүгээр сард алт худалдан авах дундаж үнэ 219 мянга 514.35 төгрөг байжээ.
Монголбанкны худалдан авч буй үнэт металл нь валютын нөөц бүрдүүлэхэд чухал нөлөөтэй аж. 2023 онд Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд үнэт металл, тэр дундаа алт худалдан авалт өмнөх онтой ойролцоо буюу 20 тонны түвшинд хадгалах зорилттой буйгаа Төв банк мэдээлж байсан юм.
Олон улсын зах зээлд алтны спот ханш 0.08 хувиар өсөж, унц нь 2030.07 ам.доллар болоод байна. 2020 оны наймдугаар сард алтны үнэ 2074 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч байсан юм.