Жижиг, дунд бизнес нь улс орнуудын тэр дундаа хөгжиж буй орнуудын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн хэмжээнд оршин тогтнож буй нийт бизнесийн 90 орчим хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлдэг бөгөөд асар их хэмжээний ажлын байрыг бий болгодог тул дэлхийн эдийн засгийн хөгжилд ч чухал хувь нэмэр оруулдаг гэж үздэг.
Дэлхийн хэмжээнд нийт бизнесийн 90 орчим хувийг, ажлын байрны 50 гаруй хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлдэг.
Дэлхийн банкнаас гаргасан тооцооллоор 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд шинээр гарч ирж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай гэж үзжээ. Үүнээс үүдэн дэлхийн олон оронд жижиг, дунд бизнесийн хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
Эх сурвалж: worldbank.org
Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид
Монгол Улсын “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн 4.1.1-д “200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж хэлнэ” гэж заасан байдаг.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд 2023 оны 2-р улирлын байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 89,425 аж ахуй нэгж байгаагаас 86,878 буюу 97 хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлж буй юм.
Жижиг, дунд бизнесийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг ч мөн сайжруулах шаардлага үүсэж байна. Тиймээс Төрийн бүтээмжийн үндэсний хорооноос Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварын судалгааг гаргасан бөгөөд энэхүү судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг асууж тодруулахад дараах 10 арга хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.
- Хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх - 45.2%
- Татварын таатай орчин бүрдүүлэх - 42.7%
- Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах - 30.4%
- Авлигыг арилгах - 25.3%
- Хууль, эрх зүйн орчныг сайжруулах - 24.3%
- Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх - 21.0%
- Бизнестэй холбоотой төрийн шийдвэрт хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэх - 17.8%
- Төрийн хяналт, шалгалтын тоог бууруулах - 15.0%
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлагч жижиг, дунд бизнесийг тусгайлан дэмжих - 14.6%
- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих - 13.9%
Нэмж дурдахад манай оронд жижиг, дунд бизнес эрхлэгчид амжилттай үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл хангалтгүй байгаа тул сүүлийн жилүүдэд тус салбарыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжсээр байгаа билээ. Үүний нэг нь Голомт банкнаас хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөр бөгөөд бид дараагийн нийтлэлээрээ тус хөтөлбөрийн талаар онцлон танилцуулах болно.