Манай өмнөд хөрш БНХАУ-ын хойд хэсэг, тэр дундаа нийслэл Бээжин хотын эмнэлгүүдэд амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж, уушгины хатгалгаа өвчний тохиолдол эрс ихэссэн тухай энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт ДЭМБ Хятадаас энэ өвчний талаар CNN агентлагаас эш татан нэмэлт мэдээлэл өгөхийг хүссэн.
Тэгвэл бид та бүхэнд БНХАУ-д яг юу болоод байгаа тухай тодорхой мэдээллийг хүргэе.
Засгийн газар, эрүүл мэндийн систем, хувь хүмүүс ямар нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой вэ?
Нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд CNN агентлаг эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Лиана Вэнтэй ярилцжээ. Доктор Вэн бол Жорж Вашингтоны Их Сургуулийн Милкений Институтийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэндийн бодлого, менежментийн профессор, яаралтай тусламжийн эмч юм. Тэрбээр өмнө нь Балтиморын эрүүл мэндийн комиссараар ажиллаж байсан.
Доктор Лиана Вэн "Одоогийн байдлаар ДЭМБ-аас бидний мэдэж байгаа зүйл дээр үндэслэн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийг түгшээх ёсгүй гэж би бодож байна. 2019 оны өвөл Ковид-19 хэлбэрээр гарсан шиг шинэ эмгэг төрүүлэгч гарч ирэх юм бол бидэнд туршлага бий шүү дээ. ДЭМБ Хятадын эрүүл мэндийн байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авахыг хүссэний дараа амбулаторийн үзлэг, эмнэлэгт үзүүлэх тоо нэмэгдэж байгаа. Энэ нь одоо байгаа эмгэг төрүүлэгч өсөлттэй холбоотой байж болохыг харуулж байна. Тодруулбал, тавдугаар сараас Mycoplasma pneumoniae нянгийн улмаас уушгины хатгалгаа, аравдугаар сараас томуу, аденовирүс, амьсгалын замын синцитиал вирус (RSV) ихсэх хандлагатай байдаг. Хамгийн чухал нь шинэ эмгэг төрүүлэгч илрээгүй. Мөн хүүхдүүд ердийнхөөс хамаагүй илүү өвдөж байгаа ч эмнэлзүйн хувьд ер бусын шинж тэмдэг илрээгүй" гэв.
ДЭМБ болон олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн бусад гишүүд эдгээр мэдээллийн цэгүүдийг бие даан шалгах нь маш чухал юм. Ялангуяа Хятадын эрх баригчид Ковид-19-ийн талаар дэлхийн хамтын нийгэмлэгт сэрэмжлүүлэхээс зайлсхийж байгаа нөхцөлд яаралтай шалгах нь чухал. Гэвч Хятадад үүсээд буй нөхцөл байдал нь өнгөрсөн өвөл АНУ-д болсонтой яг таг таарав. Өнгөрсөн өвөл буюу 2022 онд АНУ-ын хүүхдийн эмнэлгүүд Ковид-19, томуу, RSV болон бусад нийтлэг вирусээр өвчилсөн хүүхдүүдээр дүүрсэн.
Цар тахлын оргил үед амьсгалын замын өвчлөл эрс буурсан. Ялангуяа жилд хэд хэдэн удаа өвддөг бага насны хүүхдүүдийн халдварт өртөх магадлал буурсан гэж хэлж болно. Хөнгөвчлөх арга хэмжээг цуцалснаар халдварт өвчин сургууль, цэцэрлэгүүдийг дамжиж, хүүхдүүдийн дунд халдварын тархалт нэмэгдэж, улмаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгджээ.
Хятад улс АНУ болон бусад ихэнх орноос хожуу цар тахлын эсрэг хоригоо цуцалсан. Тийм ч учраас тэрхүү хориг дууссанаас хойшх анхны өвлийн улиралтайг золгосон тэдний хувьд цар тахлын хоригоо эрт цуцалсан бусад улсуудын адил ийм зүйл тохиолдох байсан нь ойлгомжтой.
Энэ хооронд засгийн газар болон эмнэлгүүд өөрсдийн дэд бүтцээ сайжруулах боломжтой. Тэд томуу төст өвчин, уушгины хатгалгааны өвчлөл ихсэхээс сэрэмжтэй байж, цаг алдалгүй шинжилгээ өгөх ёстой.
Тэд мөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийг эмчлэх чадвартай байх ёстой. Бусад бүс нутагт, ялангуяа вирусын эсрэг хатуу арга хэмжээ авч байсан газруудад энэ өвөл амьсгалын замын өвчлөл нэмэгдэх магадлал өндөр байна. Эрүүл мэндийн системүүд Ковид-19-ийн оргил үетэй адил өвчтөнүүдийн шилжилт хөдөлгөөнд бэлтгэх хэрэгтэй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)