Улирал солигдож байгаа энэ үеийг даган өвөл тренд болох үсний засалт болон аксесуарууд дурдагдаж эхэллээ. Намар-өвөл 2023 улирлын загварын долоо хоног, шоунууд дээр суурилан мэргэжилтнүүдийн үзэж буйгаар доорх чиг хандлагууд голлох төлөвтэй байна.
Нойтон, чийгтэй мэт харагдах үс
Яарсан, завгүй үед тохиромжтой энэхүү нойтон, чийгтэй мэт самналт энэ өвлийн гол тренд болохоор байна. Хэлбэр оруулагч муссыг бага зэрэг ашиглан үсээ хойш самнаж өгснөөр нэг их хичээгээгүй хэр нь үзэсгэлэнтэй харагдах боломжтой юм. Үсээ угаагүй өнжсөн өдрөө хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой.
Синнамон хүрэн өнгө
Карамель болон бага зэргийн алтлаг бор өнгийн туяа хосолсон хүрэн өнгийг та энэ улиралд туршаад үзээрэй. Хейли Бибер тус өнгөөр үсээ будуулж, шинэ дүр төрхөө бүрдүүлсэн бөгөөд олон нийт энэ өнгийг “Cinnamon butter cookie” хэмээн нэрлээд юм.
Боб тайралт
Зуны турш эрчээ алдаагүй боб тайралт энэ өвөл ч гэсэн зонхилох хандлагатай байна. Гэхдээ энэ удаа "Bubble" боб засалт бидний дунд ноёрхох нь ээ. Bubble боб нь үсийг мөрнөөс дээш тэгш хэмтэйгээр тайрч, доод хэсгийг нь бөмбийлгөн ороосноор үүсдэг бөгөөд өтгөн үстэй хүмүүст тохиромжтой гэдгээрээ онцлог.
Баримал мэт сүлжээс
Tia Adeola болон Chanel-ийн шоунууд дээр тус баримал мэт үсний сүлжээснүүд олны анхаарлыг ихээхэн татаад амжсан. Дан ганц баярын өдрүүд гэлтгүй өдөр тутамдаа өөрийнхөө загварт нийцүүлэн гоёмсог сүлжээсийг үсэндээ туршаад үзээрэй.
Тууз болон чимэглэлүүд
Том хэмжээтэй тууз, чимэглэлээр үсээ загварчлах арга ойрын үед дэлгэрч байна. Үсээ туузаараа чимэглэн боогоод дээрээс нь сувдан чимэглэл, хавчааруудыг гоёмсгоор тогтоож өгөөд л болох юм. Гэхдээ өдөр тутамд бус гоёлын арга хэмжээнд илүү тохиромжтой харагдах болно.
Далий хуваалт
Fendi, Acne Studios, Vivetta зэрэг брэндүүдийн шоуны үеэр хамгийн их харагдсан далий хуваалтыг энэ өвөл хэрэгжүүлээд үзээрэй. Энэхүү засалтыг хийхэд танд хурц үзүүртэй зориулалтын сам хэрэгтэй бөгөөд үсээ тэгш хэмээр бус хажуу хэсгээр нь өнцөг гарган хувааж өгснөөр үүснэ. Ихэвчлэн анх удаа үсээ өөр хэлбэрээр хуваахад эвгүй санагддаг ч хэлбэржүүлэгч цацлага хэрэглэж тогтоож өгөөрэй. Ийнхүү хуваасныхаа дараагаар гоёмсгоор ороож аль эсвэл шууж өгвөл тус засалт тань илүү тодорч өгөх болно.
Биркин-чёлка
Дуучин, жүжигчин Жейн Биркиний нэрийн хуудас болсон бага зэрэг замбараагүй хэдий ч үзэсгэлэнтэй харагдуулдаг чёлка 1960-аад онд моодонд орсон ч одоо хүртэл бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа хэвээр. “Биркин-чёлка” хэмээн нэрлэдэг тус засалт нь модель Эмили Ратаковскигийн дүр төрхөө бүрдүүлэгч гол үсний тайралт гэдгээрээ бидний дунд танигдсан. Энэхүү чёлка нь хэт их хичээгээгүй, даруу атлаа үзэсгэлэнтэй харагдуулдаг давуу талтай. Гэхдээ жижигхэн духтай хүмүүст чёлка зохихгүй байх магадлалтай тул нүүрнийхээ хэлбэрт тааруулан үс засалтаа сонгохыг зөвлөж байна.