Оны тэргүүн шүлэг шалгаруулах "Болор цом" 41 дэх удаагийн наадам өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. Тус наадмын тэргүүн найрагчаар МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин тодров. Тэмцээний дэд байрт өнгөрсөн жилийн дэд байрын шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, гутгаар байрт яруу найрагч Э.Гантулга, дөтгөөр байрт Ө.Элбэгтөгс, тавдугаар байрт залуу яруу найрагч М.Дэвээжаргал нар шалгарлаа.
Тус наадамд шинэ залуу үеийг төлөөлөн шүлгээ дуудаж, олны анхаарлыг татан хайр талархлыг хүлээсэн, өдгөө 22 настай залуу яруу найрагч М.Дэвээжаргалын шүлгийг онцолж байна.
***
Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины баруунтаа хадахад
Амгалан, өгөөмөр зүүдийг орчлон бүгдэд илгээдэг сэн
Сүнсийг нь ахуйн шаналгаа бөхийн тамгалсан
Сэтгэл тамирдуулагч мөхөс үгийн эрин зуунд амьдарнам
Сэргэн мандалт, үүх түүх, сэлэм хуй, бахархах завгүй
Сэнсэрмэл үгсээр зүрхээ бялдан алхнам
Хүүхэн хэл чичрүүлэн чимчигнэтэл зүсэж гадагшлах
Үгсийн хүчийг хүснэм
Хүмүүний дотор амьдралыг ерөөгч
Хувьт хэлний минь шуурга бүү намжаасай
Цасан боронгоор нүүр нүдгүй ороолгох
Цастай уулын жим шиг авианд бэдэрч байнам
Цангасан адуу шандын усыг хүдхийтэл залгилах шиг
Ялгуун хэлээ өөмж эс чадаад захаас нь хүртэж явнам
Аав аа ээж ээ… аврал мэт ийм үгсийн шидээр хорь хүрч
Арал тэрэгний мөөр шиг хөхөрч, хэмхэрсэн Дөрвөдийнхөө аялгаар ярьж байна аа
Халиасан тэнгэр минь хараачаан цаахан көкрэк шиг
Халиат келнай хөвхөг дүүргэж амьдарнам аа
Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины зүүнтээ хадахад
Амгалан, өгөөмөр зүүднээс орчлон бүгдийг сэрээнэм зээ.
***
Үгүйлэн санахын хэрээр
Үймрэн гуниглах
Үр хойч байна гэдэг
Хэчнээн хөндүүр!
Өлгөөтэй хүрэмний мөрөн дээр
Өдөр бүрийн наран мэс шиг гялтайж
Бөхийхдөө зүсүүлж, өндийхдөө эдгэрсээр
Өрөөлийн нүдээр уйлж үзэв…
Үд дундын уулсыг жилэн орооход
Үчний хормойг дөрөөн дээсэнд амсуулдаг
Зэгст нуурын харз мэт, сэтгэл үл аниад
Балархай, халирхай зовлонгийн дууг эс аялав…
Нам дорын салхи бууриа эргэхдээ
Нударга навтартал хэнгэнээд
Үгүйлэн буйгаа өөрөөсөө ч далд
Үгдэрүүлэн суугаа хүний үрийг бодлоо
Өлчир хярууг хурааж
Мөнхийн цасыг бүтээсэн шиг ийм замд
Өнчин зүрх цуцаад ирэхийг үзэхдээ
Өрөөлийн нүдээр л уйлж үзэв…
***
Учралын монолог
I
Амьдралдаа хариг хориг харь хүн шиг би!
Гэвч
Амжиж хайрыг нь ч, хорыг нь ч хүртэх хүсэлтэй!
Сүүлчийн удаа гэж надад огтоос үгүй
Зөвхөн ганцхан удаа үзүүлэх эрэмгий дүр л гэж бий.
Хүйтэн шуурга энгэр ороогоод ирэхэд
Энхэр зүрхийг минь таньдаг чи хэрэгтэй!
Хүний л адил уймран байгаа өдрүүдээс
Эргээд алхах зам чамд л хүрэх учиртай
Тэгэвч
Амьдралд хэн хэнээсээ илүү бардам
Ахиад учрахгүй байсан ч зүгээр дээ…
II
Энэрэнгүй үгээр эвийлэн үнсэвч
Эргээд уулзахдаа сүүдрээ нөмөрнөм
Сэтгэл сүмийн хонх шиг жингэнээд л
Сайхан гэгээн дүрийг чинь дуулнам
Цаг хугацааны сүр хүчинд итгэж
Эдгээхийг хүссэндээ л өршөөл эрсэн
Энэ амьдралын манан дунд биесээ орхиод
Цантай үгийг нулимсны халуунаар арчсан
Дурсамжийн гэрэлд дүрэлзэн шатлаа ч
Дурлал гэдэг зугаа л байлаа
Учирсан, хагацсан үнэн мөрүүдийн ард
Уужрал гэж итгэсэн хөндүүр л үлдлээ
III
Одоо л чи ороод өнгөрсөн бороо шиг мартагдаасай
Одоо л чи огт ороогүй бороо шиг санагдаасай…
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)