Сүүлийн жилүүдэд муур тэжээдэг хүмүүс олширч байгаа. Харин муураа чухам юугаар хооллож болох ба болохгүйг сайн мэддэг болов уу? Муур гэлтгүй амьтан тэжээнэ гэдэг нь асар их хариуцлага бөгөөд хүүхэд өсгөж байгаагаас өөрцгүй хэрэг. Тиймээс хүмүүс бид тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн тухайд мууранд өгч болохгүй хоол хүнсийг танилцуулж байна.
1. Сүү болон сүүн бүтээгдэхүүн
Муур сүү, сүүн бүтээгдэхүүний амтанд дуртай боловч, энэ нь тэдний ходоодыг шархлуулах аюултай. Сүү их хэмжээгээр ууснаар бөөлжих, гүйлгэх гэх мэт сөрөг үр дүнд хүрч болно. Тиймээс муурандаа сүү уулгахын оронд ус өгч байгаарай.
2. Шоколад болон чихэр
Шоколаданд агуулагдах кофейн, теобромин зэрэг нь муурны эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж болзошгүй. Муур шоколад идсэний дараа элэгний дутагдал орох эрсдэл өндөр байдаг. Чихэр ч мөн адил мууранд аюултай бөгөөд их хэмжээний чихрийн агууламж нь муурыг хордлогонд оруулна.
3. Түүхий мах болон загас
Түүхий мах, загас нь антибиотикт тэсвэртэй бактери ба паразитуудыг агуулдаг бөгөөд муурыг хүндээр өвтгөж мэднэ. Үүнд агуулагдах хэт их өөх тос нь нойр булчирхайн үрэвсэл үүсгэнэ.
4. Түүхий өндөг
Түүхийн өндгийг мууранд хэзээ ч өгч болохгүй. Түүний өндгөнд агуулагдах уургийг муур шингээж чадахгүй төдийгүй үүнээс үүдэж витамины дутагдалд орохыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрвээ та муураа өндгөө хооллохыг хүсвэл, чанасан өндгийг бага хэмжээгээр хоолтой нь хольж өгч болно.
5. Сонгино, сармис
Эдгээр хүнсийг мууранд бага хэмжээгээр ч өгч болохгүй. Сонгино, сармис нь муурны цус задралын цус багадалт үүсгэдэг ба улаан эсүүд нь хэт эмзэг болдог. Энэ тохиолдолд муурны амьсгал давчдах, хэвлийгээр өвдөх, шээс ялгаруулах чадваргүй болно.
6. Усан үзэм болон үзэм
Эдгээр жимс нь хүний биед тустай бол, мууранд сөрөг нөлөөтэй. Усан үзэм, үзэм нь тэдэнд маш хортой бөгөөд бөөрний дутагдалд хүргэж мэдэх юм.
7. Самар
Самар нь өөх тос ихтэй тул муур амархан жин нэмдэг. Үүнд агуулагдах тэр их шим тэжээлийг муур амархан шингээж чадахгүй тул бөөлжихөд хүргэнэ.
8. Мөөг
Муурандаа мөөг өгөхөөс татгалзаарай. Зарим төрлийн мөөг нь муурыг хордуулахуйц хэмжээний хор агуулдаг тул аюултай нөхцөл байдлаас сэргийлж, мөөгнөөс татгалзах хэрэгтэй.
9. Улаан лооль
Бүрэн гүйцэт болоогүй улаан лоолийн навч, иш нь мууранд маш хортой томатин хэмээх бодис агуулдаг. Үүний идсэний дараа муур бөөлжих, хоолны дуршилгүй болох шинж тэмдэг илэрнэ.
Л.Сая
Сэтгэгдэл (1)