Өмнөд Солонгосын шүүх Япон улсыг Дэлхийн хоёрдугаар дайны үеэр цэргийн янхны газруудад албадан ажиллуулсан Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийн хохирлыг нөхөн барагдуулах шийдвэр гаргажээ.
Япон цэргүүдийн секс боолын үүрэг гүйцэтгэж байсан 16 эмэгтэйн хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэд 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Сөүл хотын төв дүүргийн шүүхээс таван жилийн дараа тус улсыг бүрэн эрхт халдашгүй дархан эрхтэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх мэдэгдэлдээ, эмэгтэйчүүд тус улсад амьдарч байсан бөгөөд "хууль бус" гэж үзсэн үйлдлийнхээ төлөө нөхөн төлбөр авахыг хүссэн тул Өмнөд Солонгосын харьяаллыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Хууль бус үйлдэлд төрийн халдашгүй дархан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй олон улсын нийтлэг хууль байдаг гэж үздэг үндэслэлтэй юм.
95 настай тэмцэгч, хохирогч Ли Ён Сү шүүхийн шийдвэрт талархал илэрхийлж, сэтгэл нь хөдөлсөн байна. Тэрбээр шүүхийн байрнаас гарахдаа сэтгүүлчдэд "Би талархаж байна. Би үнэхээр талархаж байна" гэжээ. Тэрбээр нас барсан бүх хохирогчдод шүүхийн шийдвэрийн талаар хэлэхийг хүсч байгаагаа нэмж хэлэв.
Дэлхийн хоёрдугаар дайны үед 200 мянга гаруй охид, эмэгтэйчүүд Японы цэргүүдэд боолчлогдон, бэлгийн хүчирхийлэлд өртөж биеэ үнэлсэн гэх тооцоо бий. Цэргийн янхны газруудад хоригдож буй хүмүүсийн ихэнх нь солонгос, бусад нь эх газрын Хятад, Филиппин, Индонези, Тайванийн иргэд байжээ. Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава уг шийдвэрийг "маш харамсалтай, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн байдлаа засахын тулд зохих арга хэмжээг нэн даруй авахыг Япон улс БНСУ-аас дахин хатуу шаардаж байна" гэж тэр хэллээ.
Л.Сайнаа