Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, БНМАУ тунхагласны 99 жилийн ой, Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмний дунд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэгдсэн түүхэн үйл явдлын 110 жилийн ойд зориулсан “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээлтээ хийлээ.
Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхагласны дараа хаант Монгол Улсын Засгийн газар Өвөрмонгол, Баргын ноёдод хандан газар нутгаа манж, хятад цэргээс чөлөөлөн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн босохыг уриалсан нь Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг ихэд зоригжуулсан байна. Энэ үеэс Өвөрмонгол, Баргаас Монгол руу “дагаар орох” хөдөлгөөн өрнөж, 1912-1913 онд Хөлөнбуйр бүхэлдээ, Өвөрмонголын зургаан чуулганы 49 хошууны 36 нь хаант Монгол Улстай нэгдэж, нэгэн улс болох саналаа илэрхийлсэн ч Дундад иргэн улсын Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Өвөрмонголд цэргээ оруулжээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 1913 онд Өвөрмонголыг чөлөөлөх дайныг явуулсан юм. Үүнийг түүхэнд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэж иржээ.
Ийнхүү уншигч та бүхэнд тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэрх фотог хүргэж байна.
Гэрэл зургийг MPA.MN