Соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Еншөөбү овогт Бямбын Ринчен нь 1905 онд арваннэгдүгээр сарын 21-нд эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар мэндэлжээ.
Тэрээр монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв.
1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан ба орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй байжээ. 1956 онд "Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй" бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй.
Бямбын Ринчен нь "Цогт тайж" киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх хүртэгсдийн нэг болсон. "Yүрийн туяа" гурамсан роман, "Заан залуудай" балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Гүнж" , "Сандоо амбан", "Их нүүдэл", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа", "Ану Хатан" зэрэг олон бүтээл туурвилыг үлдээжээ.
"Yүрийн туяа" гурвалсан роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
"МОНГОЛ ХЭЛ"
Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!