БАРИМТ 1
Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны зургаадугаар сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ.
БАРИМТ 2
Үүнээс жилийн дараа буюу 1965 онд БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гарч, үүний дагуу телевизийн техникийн мэргэжлээр 40 хүнийг ЗХУ-д сургасан аж.
БАРИМТ 3
Телевизийн техникийн төвийн шав тавих ёслолыг 1966 оны гуравдугаар сарын 29-ны өдөр хийж байв.
БАРИМТ 4
Харин анхны туршилтын нэвтрүүлэг 1967 оны долоодугаар сарын 11-ны цацагдаж, Ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан концертыг телевизээр дамжуулжээ. Хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлгийг тус оны наймдугаар сард хийжээ. Туршилт амжилттай болсны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна.
БАРИМТ 5
Ийнхүү 1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монголын анхны телевизийн нэвтрүүлэг эхэлжээ. Тухайлбал, Энэ өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг үзүүлжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна.
БАРИМТ 6
Энэ өдөр нэвтрүүлэгч Б.Хишгээ 17:50 цагт “Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ” гэж зарласнаар Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 7
Анхны эфирээ цацсанаас хойш даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.
БАРИМТ 8
Телевиз байгуулагдахад босгосон теле цамхаг 193 метр өндөртэй.
БАРИМТ 9
1967 онд Монголын уран сайхны киноноос хамгийн анх телевизийн дэлгэцээр гарсан кино болох “Ардын элч”-ийг энэ өдөр үзэгчид хүлээн авч үзжээ.
БАРИМТ 10
Харин Монголын телевизийн дэлгэцнээ гарсан анхны гадаад кино “Кавказад болсон явдал” Зөвлөлтийн уран сайхны кино байжээ. Энэ өдөр уг киног эфирт гаргажээ.
БАРИМТ 11
Мөн тэр жилээ телевизийн уран бүтээлчдийн анхны томилолт. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, кино зураглаач Д.Чулуун нар анхны томилолт өвөртлөн, Өвөрхангай, Баяхонгор аймагт 15 хоногийн хугацаатай ажиллажээ.
БАРИМТ 12
Хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг 1967 оны аравдугаар сарын 7-ны өдөр цацагдав. Нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэй байлаа.
БАРИМТ 13
Монголын дэлгэцнээ анх удаа дуулсан гадаадын дуучин Дин Рид байжээ.
БАРИМТ 14
1967 аравдугаар сарын 14-ны өдөр анх удаа явуулын станцаар үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийсэн байна.
БАРИМТ 15
Үзэгчдийн хүсэн хүлээдэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар 1968 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр “Цэнхэр дэлгэцийн цэнгээ” хөгжөөнт үдэшлэг нэртэйгээр эфирт гарчээ.
БАРИМТ 16
Монголын зурагт, радиогийн төвийг цэрэгжүүлсэн харуултай болгох тухай Сайд нарын Зөвлөлийн 263 дугаар тогтоол гаргаж байв.
БАРИМТ 17
Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцитай байхаар тогтоожээ.
БАРИМТ 18
1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3 сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болжээ.
БАРИМТ 19
1991 онд Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, улмаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.
БАРИМТ 20
Харин 1997 оноос Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байжээ.
БАРИМТ 21
2005 онд ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм.
БАРИМТ 22
Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байв.
БАРИМТ 23
ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.
БАРИМТ 24
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Дэлхийн телевизийн өдөр тохиож байна.