Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 10 сарын үзүүлэлтийг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норов танилцууллаа. Түүний мэдээллээс онцлох статистик мэдээллийг танилцуулж байна.
Өрхийн сарын дундаж орлого 2.1 сая төгрөг болж өмнөх оноос 447 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, өрхийн дундаж орлого зарлагаа давсан аж. Уг өсөлтөд цалин хөлсний орлого 159,3 мянган төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир мэдээлэл хийхдээ "Энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн дундаж орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна” гэсэн юм.
Тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 46.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 21.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өсчээ. Харин улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 19.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зарлага нь 2023 оны эхний 10 сард 16.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарсан байна.
Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарчээ.
Д.Батчулуун