Нэрт хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал" уран бүтээлийн 39 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 27-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Энэ удаагийн тоглолтод Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн гавьяат жүжигчин ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, хийлч, гавьяат жүжигчин Ч.Дэлгэрцэцэг, гавьяат жүжигчин Ө.Уянга, Ш.Наранчимэг, Б.Гомбо-Очир, соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Б.Энхнаран, Э.Отгонбат нар оролцоно.
Мөн Б.Шаравын нэрэмжит "Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдаан"-ы шилдгүүд оролцож уран бүтээлээ хүргэнэ.
"Сэрсэн тал" бүтээлийн 37 жилийн хүндэтгэлийн тоглолтын үеэр Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцахад “Сэрсэн тал”-ын 30, 33, 35 жилийн ойг тэмдэглэж байсан. 30 жилээс хойш жил жилийн арваннэгдүгээр сард тоглолтыг зохион байгуулъя гэж шийдсэн ч 31, 32 дахь тоглолт зохион байгуулах гэтэл ивээн тэтгэгч олдоогүйн улмаас чадаагүй. 36 дахийг зохион байгуулах гэтэл жинхэнэ хатуу хол хориотой үе байж таарсан. Тиймээс энэ жилээс эхлэн жил бүр “Сэрсэн тал” тоглолтыг арваннэгдүгээр сард зохион байгуулж байна. Хүн бүрийн хүсэн хүлээдэг, “Сэрсэн тал”-д орох юмсан гэсэн уран бүтээлчдийн цагаан атаархлыг төрүүлсэн тоглолт хийнэ гэж төлөвлөж байна” хэмээж байсан юм.