Франц улсад суугаа нэрт яруу найрагч Б.Эрдэнэсолонго өөрийн фейсбүүк хуудаснаа ийн бичжээ.
2014 оны намар байх аа. Швейцарьт орос найруулагчийн “Дурак” гэдэг кино үзэж билээ. Кино тун энгийн. Соц-ийн үеийн орон сууц. Манайхаар бол яг “Сансар”-ын хоёр өндөр шиг хуучин навсгар барилга олон жилийн элэгдэл, хорогдлын улмаас тэхий голоороо хуваагдаж нурах аюул нүүрлэдэг. Олон хүн үхнэ гэсэн үг. Авилга, хээл хахуульд идэгдсэн дарга нар энэ аюулыг нуухаар шийддэг. Гэвч нэг гайтай шинжээч залуу гарч ирээд амь насаараа дэнчин тавьж байгаад хөшигний арын хуйвалдааныг сөрдөг. Шинжээч үхлээс мултран барин байж арайхийн зугтаж ирээд байрны золгүй хүмүүст үнэнийг хашгирч хэлдэг. Гэвч оршин суугчид нь өнөөх залуугаа нийлж зодоод алчихдаг юм. Тэгээд байшин нурна. Энэ кино бодогдоод шөнө нойр хулжлаа.
Ковидийн яг өмнө Парист ЮНЕСКО-ийн тайзанд “Хөмөргөн гурвалжин” үзэж бах нэг ханаж билээ. Тоглолтын өмнө доктор С.Дулам гуай англи, франц хэлээр танилцуулга хийсэн юм. Тоглолт өндөрлөхөд бүх үзэгчид суудлаасаа яралзтал босож алга ташаад нүргээн зогсохгүй байсан. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг ЮНЕСКО-оос цааш хэмжээс үгүй шүү дээ. Тэгэхэд нэг Монголоороо цээж тэнийтэл амьсгалсан юм байна.
Харин сая Лондонгийн парадад монголчууд морьтой жагсахыг харлаа. Хэлбэр талаасаа сүртэй байсан л даа. Гэхдээ агуулга нь чухал шүү дээ. Нөгөө бүдүүлгүүд чинь морь унаж чадахаас гадна жүжиг бас тоглож мэднэ. Тэдгээр зэрлэгүүд бичиг үсэгт тайлагдаад зогсохгүй өөрсдийн тухай Шекспирийн маань (урлагийн эсвэл тайзны) хэлээр ярих нь. Энэ яриа тэдний өмссөн этгээд хачин хувцаснаасаа илүү сонирхолтой байж чадах нь уу? Ердөө л энэ. Лав л хоёр өдрийн тоглолтын тасалбар нь зарагдаад дууссан гэж байсан. Энэ бол сайн мэдээ. Хэн хийх нь хамаагүй бид нэгдэх зүйл дээрээ нэгдэж чаддаг агуу сэтгэлтэй ард түмэн байхсан, ядаж.
Нүүр номд,
-“Тамгагүй төр” гэж бөөн хар энерги. Авах, бахархах юм юу ч байхгүй...
Дурак. Харин энэ бол муу мэдээ. Монгол нь монголынхоо тухай хэлж байгаа үг. Ганцхан бид л өөрсдийгөө дорд үзэх бүх шалтгааныг бодож олж чаддаг.
Уг нь яг энэ цаг үед Германд Э.Амартүвшин, Англид” Тамгагүй төр”, нэгдсэн улсад “The Hu”, Францын Nant хотод эзэн хааны маань музей нээлттэй байгаа юмсан. Яг энэ үеэр сонссон бас нэг сайн мэдээ. Э.Амартүвшин Италиас “International opera avards“ хүртлээ. Залгаад “Дуурийн шилдэг эрэгтэй дүр-2023”, Г.Ариунбаатар, Монгол. Тэгээд хэлэх үг олдохгүй баярлахдаа утсаа жаал ухаж билээ.
Нүүр номд,
-Энэ жил Оскарт нэр дэвшиж байгаа “Сэр сэр салхи” Берлиний хоёр кино театрт гарч байна. Тасалбар захиалах холбоосыг нь хуваалцлаа ч гэж байх шиг. Энэ бол маш сайн мэдээ.
Нүүрномд,
-Аан, эд нарыг гадаадад байгаа хэдэн монголчууд нь л үзэж байгаа биз...
Дурак. Энэ бол маш муу мэдээ.
Монголын нэр хоногшоод, танигдаад, ядаж л урлаг нь ийм шүү гэдэг ойлголтыг тэр хүсээд байгаа дэлхийн тавцан дээр нь өгч л байвал болоо юм биш үү? Монголчууд бид өөрсдөө өөрсдөдөө л дурак зан гаргах юм.
Тэгээд бодлоо л доо. Биднийг жижиг харагдуулж байгаа зүйлс бол бид өөрсдөө л юм байна. Дурак гэж.
Сэтгэгдэл (10)