Говь нутгийн яруу найрагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас чадварыг нээх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор “Эгшиглэнт говь”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам өнөөдөр 15 цагаас Хүүхдийн ордонд болох гэж байна.
Яруу найргийн наадмыг шүүх шүүгчийн бүрэлдэхүүн Засаг дарга Р.Сэддоржтой уулзаж утга зохиол, яруу найргийг дэмжин хүүхэд багачуудын оюуныг тэлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.
Энэ жилийн наадмын шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Түүхийн ухааны доктор Д.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт, “Алтан өд”-ийн эзэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн Ц.Галбадрах ажиллана.