Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжиг өнөөдөр Лондон хотод нээлтээ хийнэ. Ийнхүү Монголын нэр дэлхийд цуурайтаж, Монголын уран бүтээлчид дэлхийд шагшигдах мөч хаяанд иржээ.
Жүжгийн гол дүрүүдийг МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, СТА О.Дөлгөөн, СТА Ш.Доржсүрэн, СТА Б.Шинэбаяр нар амилуулжээ.
Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Тамгагүй төр” жүжиг нь гурван бүлэг зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг юм. 1998 онд найруулагч Ч.Найдандорж анх тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав, Эгэрэг түшмэлийн дүрийг ардын жүжигчин П. Цэрэндавга нар бүтээж байсан түүхтэй. Үүнээс хойш арав гаруй жил завсарлаад 2010 оноос ахин УДЭТ-ийн тайзнаа тавигдаж байв. Уг жүжигт төр улсаа бүтэн үлдээхийн төлөө өөрийнхөө хайртай бүхнээ золиосолж буй Хүннү улсын хааны эмгэнэлт хувь тавиланг өгүүлдэг билээ.