Олигарх Роман Абрамовичийн хэтэвчийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбосон мөнгөний ул мөрийг ил болгосон баримтууд илчлэгдэв. "Челси" хөлбөмбөгийн клубийн эзэн асан түүнд Их Британи болон Европын холбоо хориг арга хэмжээ авсан ч өмнө нь Оросын удирдагчтай санхүүгийн харилцаатай байсан гэдгээ үгүйсгэж байсан.
Одоо Кипрээс задруулсан баримтууд түүнийг 2010 онд 40 сая долларын (26 сая фунт стерлинг) нууц гэрээ хийсэн гэх шинэ нотолгоог илчилж байна. Абрамович ВВС-гийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Энэхүү нууц хэлэлцээрийн хүрээнд Оросын өндөр ашиг орлоготой сурталчилгааны компани болох Video International-ийн хувьцааг Абрамовичтэй холбоотой компаниудаас Путины ойр дотны хоёр гишүүнд нууцаар шилжүүлсэн ажээ. Тэд эргээд олон сая долларын ногдол ашиг авсан нь ил болсон.
BBC Newsnight, BBC Verify, Panorama нь Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн товчоотой хамтран Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) болон Paper Trail Media- ийн сэтгүүлчдийн удирддаг дэлхийн хэмжээний мөрдөн байцаалтын нэг хэсэг болох Кипр дэх нууцын зэрэглэлтэй мартериалуудыг ил болгосон нь энэ.
Нууц хэлцэлд оролцсон хүмүүсийн нэг нь ОХУ-ын ерөнхийлөгчийн дотны найз Сергей Ролдугин байсныг уг баримтууд илчилж байна. Виолончель хөгжимчин Ролдугин бол Санкт-Петербург хотын хөгжмийн ордны уран сайхны удирдагч юм. Тэрбээр Владимир Путиныг Санкт-Петербургт залуу байхаасаа л мэддэг байсан бөгөөд тэр Путины 1983 онд гэрлэсэн ч одоо салсан экс эхнэр Людмила Шкребневатай нь танилцуулсан гэх мэдээлэл бий. Ролдугин бол тэдний анхны охин Мариягийн загалмайлсан эцэг юм.
Л.Сайнаа