Австралийн Мельбурн хотноо болсон “Melbourne Cup 2023” морин тойруулгын уралдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн начин, уяач Жавын Гансүхийн уясан “Vow and Declare” нэртэй морь 3200 метрийн зайд уралджээ.
Энэхүү морь нь анх 2019 оны энэ уралдаанд түрүүлж, 4.4 сая австрали долларын бай авч байсан гэнэ. Одоогоор 9 настай.
2019 оноос хойш уралдаагүй байсан “Vow and Declare” морийг Ж.Гансүх сонгон уяа, сойлгыг нь тааруулж тус тэмцээнд уралдуулах эрхийг авч есөн настай морийг ес дугаартай уралдуулан есдүгээрт байрт давхиулсан аж. Улмаар байнд 160 мянган доллар ирж, үүнээс уяачид 16 мянга нь оногдсон байна.
Харин цомын төлөө уралдсан шилмэл 23 хурдан мориноос “Without a Fight” нэрт хүлэг түрүүлж 4.4 сая долларын бай авсан байна. Харин “Vow and Declare” гарааг тэргүүлэн гарч эхний гурван км-т айргийн тав дотор давхиж байгаад сүүлийн 200 метрт сууж, есөөр орж иржээ.
Тус морины жинхэнэ эзэнг Дэнни О’Брайэн гэдэг. Монгол уяачийн оролцсон энэ уралдаан нь Мельбурны иргэдийн төдийгүй хурдан морь сонирхогч австраличуудын зорьж үздэг наадам, соёлын үнэт өв нь юм. Учир нь 1861 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн I, II дайнаас бусад үед жил бүр уг морин уралдааныг зохион байгуулжээ. Улмаар Мельбурны цомд морьд уралдах өдөр Австралид бүх нийтийн амралтын өдөр болдог нь тэртээ 1873 онд хатан хаан Викториа морин уралдааны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон түүхтэй.
Л.Сая