Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглохоор бэлтгэж буй.
Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэн график комик номыг хамтран бүтээжээ. Номын нээлтийг 11 дүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт зохион байгууллаа.
Нээлтэд Британийн төр, хувийн хэвшил, урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцлоо. Тус арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх баяр хүргэж үг хэлэв.
Элчин сайд Б.Энхсүх хэлэхдээ, "Монгол Улс, ИБУИНХУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй үед “Монгол хаан” жүжгийг Лондон хотноо тоглох гэж байгаа. Мөн тус график номыг хэвлэн гаргасан нь Монгол Улсын соёлын өв, түүх, ёс заншлыг Британийн төдийгүй олон улсын үзэгч, уншигчдад сурталчлан таниулах, иргэд хоорондын ойлголцол, хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна" гэдгийг тэмдэглээд номыг бүтээхэд ажилласан нийт баг, уран бүтээлчдэд талархал илэрхийллээ гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.