Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” ХХК-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан: Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимейшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ.
Чингис хаан Үндэсний музей нь “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх юм.