Цас орлоо, зам түгжирлээ. Бидний зарим нь залуу насныхаа, зарим нь гэр бүлтэйгээ өнгөрөөх хайран цагаа замын гацаанд өнгөрөөж байгаа. Тэгвэл та замын түгжрэлд, автобус, өөрийн машин, такси алинд нь ч бай доорх 10 санааг хэрэгжүүлж үнэт цагаа хайрлан хамгаалаарай.
1. Хөгжмийн мэдлэгээ тэлээрэй
Дуу, хөгжим гэдэг хүний амьдралын бас нэгэн сайн нөхөр шүү дээ. Гар утаснаасаа болон радио сувгуудыг ашиглан орчин цагийн шинэ дуу, хөгжмийг сонсож яагаад болохгүй гэж. Эсвэл өөрийн дуртай хамтлаг, дуучныхаа уран бүтээлийг сонсож, бухимдахгүй явсаар гэртээ өөдрөг харьж болох л юм.
2. Удаан холбоо бариагүй дотны хүнтэйгээ утсаар ярих
Магадгүй та хайртай аав, ээж, ахан дүүс, анд нөхөртэйгөө ажлын ачааллаасаа болоод удаан хугацаанд холбогдоогүй бол энэ санааг дагаарай. Гэхдээ нийтийн тээвэрт зорчиж байгаа тохиолдолд олон хүний дунд амьдралаа тоочих зохисгүй шүү. Яахав, ойр зуурын зүйл ярьж, мэндийг мэндвэл тэд баярлана. Харин та хувийн унаагаар зорчиж байгаа бол юу ярих нь хэнд ч хамаагүй.
3. Ном унш
Нийтийн тээвэрт ном унших...Хүмүүс таныг эвэртэй туулай харсан мэт харж магадгүй. Таны ном уншиж байгааг харсан дараагийн хүн ч бас зориглоод цүнхээ уудлах ч юм билүү. Миний хувьд хэт хүнд том ном цүнхлээд авч явах төвөгтэй тул аль болох хөнгөн бараг л зогсоод явахад нэг гартаа бариад уншихад хялбар ном сонгон уншдаг.
4. Сайхан алхах хэрэгтэй ч юм билүү
Хий дэмий бухимдаж, хараал урсган автобусанд шахцалдаж явснаас, чихэвчээ зүүгээр сэтгэлээ сэргэтэл алхах хааяа сайхан. магадгүй та гэр рүүгээ яарч яваа бол энэ санаа хамгйн шилдэг нь гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлаа бодож пингвин алхаагаар алхаарай...
5. Өөрийгөө хөгжөө
Яагаад бухимдахын оронд гар утсаараа тоглоом тоглож, хөгжилтэй бичлэг үзэж болохгүй гэж. Ядаж л түгжирч байгаагаа мартана шүү.
6. Хайртай хүн рүүгээ бич
Хүн болгон хэн нэгнийг хайрлаж, нууцхан харж явдаг гэдэгт би итгэдэг. Хайртай хүн гэхээр аав, ээжээс эхлээд хэн ч байж болно. Харин та хэн нэгнийг крашлаж явдаг бол түүн рүүгээ бичээд үз. Магадгүй өнөөх чинь адилхан түгжирч яваад та хоёр халуун дотно яриа өрнүүлээд харилцаа эхлэх ч юм билүү... Хэрэв та найз охин, залуутай бол түүнтэйгээ л бич...
7. Аудио ном, подкаст сонсох
Орчин цагт аудио ном, төрөл бүрийн подкастуудыг ямар ч сувгаар сонсох боломжтой болсон. Миний хувьд шинжлэх ухаан, түүх, уран зохиолын төрлөөр аудио ном, подкаст сонсохыг илүүд үздэг. Хүн хүний сонирхол өөр. Та сонирхсон зүйлээ сонсонгоо тайвширч, сатаарч болох шүү дээ...
8. Шинэ краш, найзтай болох
Таны сууж яваа автобусанд магадгүй сайхан залуу, бүсгүй байгаа юм биш биз. Тэгвэл яагаад шинэ краштай болж болохгүй гэж. Түүнийг ширтэх, хараад инээмсэглэх эрх танд бий. Магадгүй инстаграммыг нь ч асуугаад танилцаж болох юм. Мөн та шинэ найзтай болж болно шүү дээ.
9. Түгжрэл арилтал дэлгүүр хэсэх
Хэрвээ та алхахаас залхуурч байвал дэлгүүр хэсээрэй. Би л хувьдаа номын дэлгүүрт цаг нөхцөөх дуртай.
10. Бодлоо цэгцэл
Хэрэв таны амьдралд ямар нэгэн шийдврэлэх мөч ирсэн, асуудал тулгарсан ч та ажлаасаа болоод бодох сөхөөгүй яваа бол одоо л бодох цаг нь шүү. Амжилт хүсье...
Л.Сайнаа